Тэр жил нагац ах маань эмнэлэгт үзүүлэхээр хөдөөнөөс орж ирэв. Дал мөрөө дагаж баруун гараар нь даагдахгүй болтлоо хатгаж өвдөж буй зовиуртайгаар аймгийн эмнэлгээс А-36 маягттай ирсэн нь тэр. Том зээгийн үүрэг оногдож, ажлаасаа чөлөө аваад би ахтайгаа Нэгдүгээр эмнэлгийн босгыг хэд хоног ёстой нэг элээх шиг болсон. Эрт ирж эмнэлгийн үүдэнд дугаарлана, хаалга онгоймогц чихцэлдэн орж өлгүүр улавч зэрэгт дахиад дугаарлана, дотрын эмчийн үзлэгийн цаг авахын тулд сувилагчийн үүдэнд дахин дараалалд зогсоно…
Урдуур хойгуур хүмүүс орно, “оочер” дайрна, дарааллаа алдахгүй гэж хэрүүл хийнэ. Ах дүү, хамаатан саднаараа зээглэж зогсчихоод л ядруухан нэгнийг гадуурхаж бөөрөлхөнө. Чухамдаа эмнэлгийн коридор, эмчийн өрөөний үүд хоёр бол эр зоригийн шалгуур, үгэн тулааны өрсөлдөөн байлаа. Уртаас урт оочер дараалал үүсгэж, өвчиндөө санаа зовиниж, дараагийн ажлаа амжуулахыг яаран мэгдсэн хүмүүс мэдээж аз жаргалтай, баяр баясгалантай зогсохгүй нь тодорхой.
Тэгж тэгж арай гэж нэг үзүүлтэл эмч хэд хэдэн шинжилгээний хуудас бичиж өгсөн. Монгол дээлэндээ түүртэж, маягт, карт хоёроо салбайтал атгасан ахыгаа дагуулсаар маргааш нь хар үүрээр дахиад л ирж дараалалд зогсов. Хүн болгон 8.30-аас өмнө амжиж хамрагдахын тулд шээс, цусны ерөнхий шинжилгээний цонхон дээр дахиад л “дайн дажин”… Хариу гартал бас хоёр, гурав хононо, буцаад эмч рүүгээ орохын тулд бас л дараалалд зогсоно, бүл цөөднө, хүч мөхөсдөнө.
Бид хоёр энэ мэтээр бараг арав хоног гүйж байж цөсний хүүдийн архаг үрэвсэл гэдэг онош тавиулж, ах маань яаралтай хагалгаанд орсон юм. Хагалгааны орон дээр хэвтэх хүртэлх оочер дугаар, ор хоног, явдал суудлыг ярих ч юм биш. Ямар боловч ах маань Улаанбаатарт сар орчим болоод, нийслэл хотоо бараадсаных нэг ч гэсэн өвчнөөс саллаа гэсээр нутаг буцсан юм.
Энэ уг нь тийм ч дээр үеийн түүх биш, ердөө 6-7 жилийн өмнөх нэгдсэн клиник эмнэлгийн нийтлэг дүр байв. Ажилдаа, ачаалалдаа түүртсэн эмч нарын зан харьцаа, үйлчлүүлж байгаа хүмүүсийн уур уцаар, учир замбараагүй хөл хөлхөөн гээд манай улсын томоохон эмнэлгүүд ерөнхийдөө иймэрхүү л төрхтэй байлаа. Түүнээс хойш би болоод манай гэрийнхэн үзүүлж харуулах болбол улсын биш хувийн эмнэлгийг зорих болсон. Бүгд эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ түүнийхээ үр ашгийг хүртсэн нь цөөн. Үүднээс нь эхлээд үргэлжлэх таагүйхэн уур амьсгал, тавгүйхэн үйлчилгээнээс халшраад л тэр.
Гэтэл хоёр жилийн өмнө нагац ахын маань эхнэр эмнэлгээр явах хэрэгтэй боллоо. Орон нутгаас зорьж ирснийх хүртэх ёстой үйлчилгээгээ авах ёстой газраасаа авах сонирхолтой байгаа нь илт. Аймгаасаа авсан А маягтынхаа хэргийг гаргаж, нэгдсэн эмнэлгээрээ үйлчлүүлэх нь нэр төр, итгэл үнэмшлийнх нь баталгаа болоод байв. Улсын эмнэлэг гэхээр л урагшилж өгдөггүй хөл минь арга буюу нагац бэргэнээ дагуулаад дахиад л тийш зүглэсэн.
Халширч халширч хаалгаар ортол харин яасан гээч. Ид шидийн юм болж, эмнэлгийн орчин орвонгоороо өөрчлөгдсөн байв. Мэдээллийн самбарын урд зогсох туслах ажилтан асуултад хариулж, хаана юу байгааг, хэрхэх ёстойг хэлж өгч байна. Гадуур хувцасаа өлгүүрт өгчихөөд, цахим бүртгэлийн хэсэгт очиж автомат машинаас дугаар авлаа. Удсан ч үгүй авсан дугаараар кассын цонхонд дуудаж, регистрийн дугаар компьютерт оруулж даатгал төлсөн эсэхийг нягтлаад, маягтын дагуу зөвлөгөө авах шаардлагатай эмчийн өрөөний дугаар, үзлэгийн цаг бүхий тасалбар өгөөд л болчихсон. Очтол хүмүүс эмчийн үүдэнд нэрээ дуудахыг хүлээгээд аажуу тайвуухан эгнэн суусан байлаа. Шинжилгээ, оношилгоо, цахим бүртгэл, өвчний түүх зэрэг нь ах бид хоёрын адал явдлаас алд дэлмээр урагшилжээ. “Цахим эрүүл мэнд” төсөл гэж олонтаа сонссон ч яг хөрсөн дээр ингэж бууж буйг мэдээгүй явсандаа, хөгжил дэвшилд хөшүүн хойрго хандсандаа харин би өөрөөсөө ичих шиг болсон. Эгчийнхээ сэтгэлзүйг бэлтгэж байна гээд эгээ л дайны талбарт байлдах гэж байгаа мэт баахан сүржигнэсэндээ эвгүйцсэн гэж. Гэхдээ саяхныг хүртэл өөр дээрээ цахим эрүүл мэнд хийгээд эрүүл мэндийн цахим даатгалын үйлчилгээний ач тусыг мэдрээгүй байлаа.
Сарын өмнө нүүрээр харшил гарч, 100 айлд байрлах Арьсны өвчин судлалын үндэсний төвийг зорив. Сайндаа биш хувийн эмнэлгээр яваад, бичиж өгсөн тосыг нь түрхээд дээрдээгүй тул тийш зүглэсэн хэрэг. “Тураг ядрахаараа уулаа” гэгчээр тунчиг тааруухан шалтгаан юм л даа. Учир нь уг төвд анх арваад жилийн өмнө очиж байсан тэр үеийн дүр зураг бас л тархинд үлдчихсэн байсан. Хөл толгой нь мэдэгдэхгүй дугаарлалт, уур бухимдал, хаалганаасаа хатавч хүртлээ үргэлжлэх хэрүүл маргаан…
Гэтэл бүр ч өөр орчин угтлаа. Цахим бүртгэл, шуурхай үйлчилгээ, эмх цэгцтэй дараалал, эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх үзлэг зөвлөгөө, эмчийн найрсаг харилцаа, эргэх холбоо… Энэ тосыг түрхээд, оройд энэ эмийг давхар ууж, 3-5 хоногийн дотор өөрчлөлт орохгүй бол энэ утас руу залгаж зөвлөгөө авах буюу дугаар авахгүйгээр ороод ирээрэй хэмээн гар утасны дугаараа өгөх эмч бүсгүй… Жороо цахимаар бичиж өгсөн болохоор эмнэлгийн аптекаас илүү ч үгүй дутуу ч үгүй 5 хоногийнхоо эм, бэлдмэлийг аваад гарсан, эдгэсэн.
Бид эмнэлгийн үйлчилгээг үргэлж зүхэж, эмч нарыг сав л хийвэл буруутгаж, сэтгэлгүй, хайхрамжгүйгээр нь дууддаг атлаа өвдөж зовохын цагт өөр хандах газаргүй болж эднийгээ л барааддаг. Эдгээд гарахаараа эргэж харалгүй алга болох нь олонтаа. Багахан ч болов хөгжил дэвшлийг талархан угтдаг эсэхээ, таны төлөө нойр хоолоо умартан зүтгэх эмч сувилагчдад урам хайрладаг үгүйгээ, хамгийн сүүлд тэдэнд хэзээ халуун дулаан үг хэлсэнээ эргээд нэг бодоорой.
Улстөржүүлж, харлуулж, хийрхэх болохоороо эмчтэй, эмтэй, эмнэлэгтэй нь хавтгайруулан муучлах атлаа нэвтэрч буй нааштай үйлчилгээ, тоног төхөөрөмж, ололт амжилт, эмч нарын сэтгэлгээнд гарч буй өөрчлөлт, хандлагыг өөдрөгөөр харах нь ховор. Эрүүл мэндийн салбар гэдэг уг нь эмч, өвчтөн, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, иргэн бид бүгдийн харилцан хүчин чармайлт, хамтын ажиллагаагаар урагшлах ёстой. Урьдын уцаартай үйлчилгээ, урт дарааллыг умартаж, үүрч орсон бухимдлаа үүдэнд гээгээд үйлчлүүлж байгаадаа хааяа ч гэсэн талархаж сурцгаая.
Э.Адъяасүрэн
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.