Шадар сайд С.АМАРСАЙХАН: Малчдын зээлүүдийг хойшлуулах бүрэн боломжтой болсон

2024-02-22 Засгийн газар

С.Амарсайхан: Улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна

Хаваржилтын нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/ мэдээлэл хийлээ.

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна. Одоогоор 192 суманд нөхцөл байдал хүндэрсэн, 1,5 сая толгой мал хорогдсон. Цаашид ч энэ тоо өснө.

Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлсэн.

Цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт арга хэмжээ авч ажиллана. Засгийн газрын гишүүдээр ахлуулсан зургаан ажлын хэсэг ажиллаж байна.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ бүсэд хаваржилт хүндэрсэн 49 сумдын 1971 малчин өрх бий.

Хоёр дахь ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж байна. Гурав дахь ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж Хөвсгөл, Булган, Орхон аймагт ажиллаж байна. Дөрөв дэх ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж байна.

Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан тав дахь ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудад ажиллаж байгаа бол Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ахалсан зургаа дахь ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна.

Ерөнхий сайд зарим аймгуудаар явж, Засгийн газраас гаргасан тогтоолын шийдвэрийн биелэлтэд анхаарч ажиллаж байна.

Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг өвчин, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдлийг баагсах арга хэмжээг авч ажиллана.

1800 гаруй албан хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж 54 мянган км зам харгуй гаргалаа. Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж ажиллаж байна.

Орон нутагт ажиллахад малчид зээл тэглээд өгөөч, цуцлаад өгөөч гэж хэлээгүй. Зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. 190 мянга гаруй малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа. Малчны зээлийн дундаж хүү 21 хувь. Малчин дээд тал нь 30-50 сая төгрөгийн зээл авсан байна. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, өвс тэжээлд зээлээ зарцуулдаг. Малаа барьцаалаад зээл авсан учраас зээлээ төлөхөд хүндрэл үүссэн. Тийм учраас Монголбанк, Төрийн банк Хаан банкны удирдлагатай уулзаж, эхний удаад зээл төлөлтийг ирэх зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулахаар ойлголцолд хүрсэн. Малчид зээл төлөлтөө хойшлуулах хүсэлтийг аймаг орон нутгийнхаа банкинд гаргана. Нийт малчны зээлийн 52 хувь нь Төрийн банкнаас олгогдсон байна. Нийт дүнгээрээ 685 тэрбум төгрөгийн зээл байгаа. 580 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас олгогдсон, зээлийн 48 хувийг эзэлж байгаа. Эдгээр зээлүүдийг хойшлуулах бүрэн боломжтой болсон гэдгийг хэллээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.