Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоожээ

2024-02-14 Нийслэл


Нийслэлийн Онцгой Комисс /НОК/ өчигдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн.

Үүнд,

Баянзүрх дүүргийн 12
Чингэлтэй дүүргийн ес
Сонгинохайрхан дүүргийн долоо
Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8,460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан.

Геодез, Усны Барилга, Байгууламжийн Газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна.

Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.