П.САЙНЗОРИГ: Автомашины сул зогсоолыг аппликейшнээр харах боломжтой болгоно

2024-02-8 Нийслэл


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн нутагт дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах тухай журмыг хэлэлцэн, хавсралтаар батлахыг дэмжлээ.

Уг журам батлагдсанаар нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоолыг шинээр барьж байгуулахаас эхлээд олон асуудлыг цэгцлэх боломжтой болж буй аж.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ:

-Замын хөдөлгөөний тодорхой хувийг авто зогсоол хайж эргэлдсэн хөдөлгөөн эзэлдэг. Тийм учраас авто зогсоолын нэгдсэн мэдээллийг бий болгож, программ хангамжаар холбоно. Хаана аль зогсоол сул байна вэ гэдгийг аппликейшнээр хараад мэддэг, тэр дагуу үйлчилгээ авах бололцоог бүрдүүлнэ.

Улаанбаатар хотод хэд хэдэн судалгаа хийгдсэн. Авто зогсоол байгуулах асуудлыг зөвхөн автомашин гэж харж болохгүй. Масс тээвэр, явганаар зорчих, дугуйгаар зорчих, скүтрээр зорчих боломжийг бүрдүүлнэ. Цахилгаан дугуйг нь цэнэглээд өгөх боломжтой болгоно.

Авто зогсоолыг зөв шийдэж явахгүй бол хожим нь асуудлыг шийдэх бололцоогүй болно. УИХ –аар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлах хүрээнд барилгажих талбайн 60 хувь барилга, 40 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол байхаар хуульчилсан. Энэхүү 40 хувийн 20 хувь нь авто зогсоол байхаар заасан. Уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс “Урт цагааны барилгыг буулгаснаар оронд нь автозогсоолтой ногоон байгууламж барихаар болсон нь зөв. Гэхдээ доороо авто зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж байгаа нь Монголын хувьд анхны шийдэл. Анхнаас нь зөв хийх шаардлагатай гэдгийг сануулсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.