Нохой, муурыг хүүхдийн тоглоомын болон цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх хуулийн төсөл өргөн барив

2022-09-26 Парламент

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. УИХ-ын Тамгын газраас хөгжүүлж буй D-Parliament платформоор дамжуулан иргэдтэй хамтран өргөн барьсан анхны хуулийн төсөл гэдгийг энэ үеэр онцолж байв. Цаашид иргэд D-parliament аппликэйшн ашиглан, хууль тогтоогчидтой хамтран хуулийн төсөл боловсруулах, саналаа өгөх боломжтой аж.

Амьтанд хайртай залуусын нэгдэл болох “Азтай савар“ төрийн бус байгууллагын төлөөлөл анх УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандсанаар Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийн төслийг хамтран боловсруулжээ. Дараа нь иргэдээс санал авахаар D.parliament платформын “боловсруулж буй хуулийн төсөл“ хэсэгт 2022 оны зургадугаар сарын 16-нд байршуулсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөл D.parliament-д байршуулсан төслүүдээс хамгийн өндөр хандалт, саналыг иргэдээс авчээ.

Хуулийн төслийн онцлох зохицуулалтаас дурдвал:

Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх ёстой.
Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.
Амьтныг асран хамгаалагч, түр харагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах үүрэгтэй.
Амьтныг асран хамгаалагч, түр харагч нь гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Амьтныг асран хамгаалагч, түр харагч нь гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх үүрэгтэй.
Амьтныг асран хамгаалагч, түр харагч нь гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Амьтныг асран хамгаалагч, түр харагч нь гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах үүрэгтэй.
Нохой, муурын асран хамгаалагч нь нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах, нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, хүзүүвч эсхүл цээживчинд нь асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах, олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях, нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх, тав хоногоос дээш хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх үүрэг хүлээнэ.
Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч хуульд заасан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ.
Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх зарчмыг баримтална.
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоно.
Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.