Х.Нямбаатар: Торгох шийтгэлээс төсөвт жилд 60 орчим тэрбум төгрөг ордог

2022-05-5 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын пүрэв гаригийн ээлжит чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ц.Сандаг-Очир, Х.Бейсен, Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, С.Чинзориг, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүний эрх зөрчих, нийгэмд тодорхой хэмжээний хор хохирол учруулж байгаа хүчирхийлэл, садар самууныг сурталчилж байгаа асуудал дээр сануулах шийтгэл оногдуулах нь оновчтой эсэх, хуулийн төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчлүүд дээр нийт хэчнээн төрөлд сануулга арга хэмжээ авахаар тусгасныг лавлаж байлаа. Мөн хуулийн төсөлд торгууль шийтгэлээ төлөөгүй этгээдэд хүлээлгэх зохицуулалт тусгасан эсэх, цаашлаад улсын төсвийн бүрдүүлэлтэд торгуулийн шийтгэлээс хэдэн хувийг эзэлдэг талаар тодруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирсэн хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд байгааг тодотгоод сануулах арга хэмжээг оруулж ирсний үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчлөхөд чиглэснийг онцолсон. Тэрбээр, төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан” гэлээ.

Түүнчлэн сануулах шийтгэлийг иргэнтэй холбоотой 91, хуулийн этгээдийн 21 төрлийн үйлдэл дээр хэрэглэж байна. Эдгээр зөрчлийн нийт 93 орчим хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил эзэлж байгаагийн 36 үйлдэл дээр сануулга шийтгэлийг хүлээлгэхээр төсөлд тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нэмэлт тайлбарыг өгсөн. Мөн тэрбээр, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах үүднээс хүний суурь эрхэд хөндөхгүйгээр зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зохицуулалтыг төсөлд зохицуулсан гэв. Түүнчлэн торгох шийтгэлээс төсөв бүрдүүлдэг гэх хардлага нийгэмд байдаг улсын төсөвт жилдээ 60 орчим тэрбум төгрөг ордог ч үүний тодорхой хувийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу орон нутагт нь зарцуулдаг. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр торгуулийн орлогын 50 орчим хувийг камержуулалтад зарцуулахыг УИХ-аас хуульчилж өгсөн гэж байлаа.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.