Иргэний үнэмлэх дээр гэрийн хаягийг ил бичихээ болино

2022-04-19 Парламент


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгасан юм. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоосон.

Мөн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, зэрэг эрсдэлтэй учраас оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгаж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “16, 25, 45 насанд шинээр иргэний үнэмлэх авч байгаа болон гээгдүүлсэн иргэдэд шинээр олгоходоо шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Хүсвэл иргэд шинэ үнэмлэх авч болно. Үгүй бол хуучин үнэмлэх нь хүчинтэй хэвээрээ л байна. Иргэний үнэмлэхээ дахин хэвлүүлэхэд 18300 төгрөг байдаг. Жилд хамгийн багадаа 100 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэж үзвэл иргэд нэг тэрбум 830 сая төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Тиймээс хаягийнх нь мэдээллийг мэдээллийнхээ сангаас гадна иргэний үнэмлэхнийх нь чипэнд оруулна. Сүүлийн зургаан хаягных нь мэдээллийг оруулах юм. Тэгэхээр шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ үнэмлэхээ шинэчлэх шаардлагагүй болж байгаа” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.