Цаатан ардын үүх түүх

2021-12-4 Монгол уламжлал

Цаатангууд гэж хэн бэ?

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг.
Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 аруй жилийн өмнөөс юм. Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ. Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг.
Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Өдгөө 200 гаруй хүн буюу 40 орчим өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Аддины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг.
Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Цаатан ардуудын өрх бүр урц гэрийн хойморт эцэг дээдсийн нь сүнс сүлд шингэсэн онгод шүтээнээ гэрт эд зүйлс байрлуулах ёс жаягийн дагуу залсан байдаг. Харин нэг овог удмын цаатангууд өөр өөрийн тахиж шүтдэг онгон газар байдаг бөгөөд жилд 1-2 удаа очиж тахиж шүтэх ёс байдаг.
Цаатан ардууд өнөөгийн байдлаар тува хэлээ зөвхөн хоорондын харилцааны түвшинд л эзэмшсэн, ялангуяа хүүхдүүд тува хэлээр энгийн хэдэн үгээс цааш мэддэггүй байна.
Дунд сургуульд тува хэлийг үзэхгүй байгаа нь төрөлх хэлээ мартахад хүргэж буйд ахмад хүмүүс сэтгэл нь ихэд эмзэглэж явдаг ажээ. Хэсэг цаатан ардын төлөөлөгчид төр засгийн удирдлагууддаа эх хэлийг нь дунд сургуулийн сурагчдад оруулдаг болгохоор хүсэлт уламжилж байсан бөгөөд 2003 онд тус коммисоос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд БСШУ-ны сайдын 2005 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр”-ийг батлуулсан байна.
 Судлаач Санжаажамцын Очирбат

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.