УИХ: УБТЗ-ын 47.3 тэрбум төгрөгийн өрийг 2025 он хүртэл улсын төсвөөс төлөхийг дэмжлээ

2021-11-18 Парламент
УБТЗ-ын 47.3 тэрбум төгрөгийн өрийг 2025 он хүртэл улсын төсвөөс төлөхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндхэн байсан. 1990-ээд оны үед Японы Засгийн газар гараа сунгаж 1-2.6 хувийн үндсэн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй төмөр замыг сэргээн сайжруулах МонПи1, МонПи2 төслийг үе шаттай хэрэгжүүлсэн. Уг төсөл “Улаанбаатар төмөр зам”-ын техник технологийн дэвшил төдийгүй тухайн үед Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсныг бид мэднэ. Засгийн газар уг зээлийг авсны дараа 2000 онд Сангийн яам “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацаа 25 жил болгосон байдаг. Гэхдээ төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсан. МонПи1, МонПи2 төсөл нь 7.9 тэрбум иень буюу төслөөр авсан серийн зүтгүүр тухайн үедээ түлшний зарцуулалт 20-30 хувь, тос маслын зарцуулалт 18 дахин бага байсан нь Багануур-Улаанбаатар хооронд нүүрс тээвэрлэлтийн 80 орчим хувийг ДАШТ болон серийн хоёр зүтгүүрээр гүйцэтгэсэн байдаг. Мөн ачаа болон зорчигчийн вагон худалдан авсан хэмнэлтийн зөрүүнээс 18 сая ам.доллараар 1400 км урттай шилэн кабелийг төмөр замын шугамын дагуу суурилуулсан нь манай улсад интернэтийн сүлжээний үйлчилгээг бий болгосон анхдагч нь байсан. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2000-2014 онд нийт 48 төгрөгтэй дүйцэх иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан. 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл болон түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон. УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, алдангийн хүүгийн нийт дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлогдсон дизелийн түлшний онцгой албан татвар төлөгдсөн 73.8 тэрбумыг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбумын үлдэгдэл байна.

Монгол Оросын Засгийн газрын 1949 онд онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр дизелийн түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан. Гэвч зээлийн үндсэн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан. Хэлэлцэх эсэхийг шийдэх эсэх УИХ-ын тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбумаар, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбумаар тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлцэл хийх, үлдэгдэл 47.3 тэрбумыг улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээртусгасан болно. ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсны эцэст Монгол Улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МонПи1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон” хэмээн тогтоолын төслийг танилцууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг тогтоолын төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.