УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байна

2021-10-1 Парламент

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы нээлтэд парламентын зарим гишүүн болон хүндэт зочид цахимаар оролцож байна. Намрын чуулганы хугацаанд нийт 24 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна.

УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна. Азай буурал ахмадууддаа Монгол Улсын Их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Мөн тэрбээр “Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. Эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрч, эмч эмнэлгийн ажилчид ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 хувийг вакцины хоёрдугаар тунд хамруулсан ч өнөөдрийн байдлаар халдварын 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1204 иргэн халдварын улмаас нас барлаа. Амь насаа алдсан иргэдийн ар гэрт УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Covid-19 халдварын тархалтыг сааруулах , эрсдэлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан дараах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Бүх шатны боловсролын сургалт эхэлсэн. Тиймээс сургуулийн орчинд халдварын тархалтаас сэргийлэх, агаарын солилцоог тогтмол хийж халдвар хамгааллын дэглэмийг маш хатуу баримтлах хэрэгтэй. Улмаар нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Жирэмсэн, эх өндөр настан, архаг суурь өвчтэй иргэд халдвар авбал эндэх эрсдэл өндөр учраас эрүүл мэндийн төв, бүх эмнэлгүүд дээрх зорилт бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг эрс сайжруулах хэрэгтэй.

Энэ удаагийн чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно. Цар тахлыг даван туулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. УИХ эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн нүдээр харж батлах ёстой.

УИХ Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Цаашдаа ч дэмжиж ажиллана. Гэхдээ бас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн “Энэ удаагийн чуулганд парламентын гишүүд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч танхимаар хуралдаанд оролцоно” гэдгийг онцлон хэллээ.

 

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.