Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль болон медалийн лого зургийн зарим хэмжээг өөрчлөх санал гаргалаа

2021-06-24 Парламент

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт

бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр, “Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг 2 удаа, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд баг 3 удаа хуралдаж, уран бүтээлчид, мэргэжлийн төрийн бус байгууллагын санал, бусад орны сайн туршлагыг судалж, 33 саналын томьёолол бэлтгэсэн” гэв. Үүнд:

– Кино урлагийг дэмжих чиглэл, зарчмыг тодорхой болгож, хуулийн нэр томьёог бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн.

– Кино урлагийг дэмжих сангийн нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлог харилцааг нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгахаар заалаа. Кино урлагийг дэмжих санхүүжилтийн зохицуулалтыг цогцоор шийдвэрлэхээр тусгасан.

– Кино урлагийг дэмжиж, кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх зорилгоор бусад орны жишигт нийцүүлэн Кино бүтээх зардлын буцаан олголтын талаар шинээр бүлэг нэмсэн.

– Кино урлагийг дэмжих сан, буцаан олголтын зохицуулалттай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн өвлөл, түүний чиг үүрэг, бүрэлдэхүүний талаар тусгасан.

– Кино урлагийн салбарын төрөөс үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр зааж, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглахтай холбоотой зохицуулалтыг өргөжүүлж тусгасан байна.

Ийнхүү ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 33 гаруй саналыг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

“Үндэсний ном, бичиг, соёлын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сард тэмдэглэнэ”

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хийлээ.

Хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг, соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулжээ. Уг заалтыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.  Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг 150 мянган ширхэг захиална

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн найман оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичжээ. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Нэг медалийн нэгж үнэ 5000 төгрөгийн үнэтэй. Нийт 150 мянган ширхэг байх аж. Медалийн загварыг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцэж, баталжээ.

Ойн медаль болон медалийн лого зургийн зарим хэмжээг өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хууль л амла!

32 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.