Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

2021-05-24 Нийтлэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн юм. Сонгуульд өрсөлдөж буй гурван эрхэм өнөөдөр 10:30, 11:40, 12:10 цагуудад СЕХ-д хүрэлцэн очиж нэр дэвшигчийн үнэмлэх гардан авах тов гарчээ.

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 15 хоног үргэлжилж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 8-ны 00.00 цагт өндөрлөх юм. Өөрөөр хэлбэл, энэ нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм. Гэхдээ энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч бүртэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой болж байна. Мөн анхан шатны санал хураалтыг зургаадугаар сарын 9-нд явуулахаар товлосон бол гадаадад оршин суугаа иргэд энэ сарын 30, 31-нд саналаа өгөх ажээ.

Түүнчлэн энэ удаагийн буюу найм дахь сонгууль нь хэд хэдэн онцлогтой юм. Тухайлбал, өмнө нь УИХ-д суудалтай нам, эвслүүд 45 нас хүрсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Ингэхдээ өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй болж буй.

Харин нэр дэвшигч болон нэр дэвшүүлж буй нам, эвсэлд өгөх хандивын тухайд иргэн гурав, хуулийн этгээд 15 хүртэл сая төгрөгийн хандив өгч болохоор заажээ. Харин гадаад улс буюу гадаадын байгууллага, иргэн, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон билээ.

Дашрамд дуулгахад, МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол”, АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат “Монгол чадна” уриатайгаар сурталчилгаагаа эхлүүлж байна.

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.