Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт ДЭМБ-аас цогц үнэлгээ хийлээ

2017-05-31 Мэдээ мэдээлэл

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монгол Улс дахь Дархлаажуулалтын хөтөлбөрийн болон дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдалд ын үнэлгээ хийх хамтарсан цогц үнэлгээний баг 2017 оны тавдугаар сарын 18-наас 31-ны өдрүүдэд 14 хоног ажиллаад дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.

Энэ удаагийн үнэлгээний зорилго нь Дархлаажуулалтын Үндэсний хөтөлбөрийн өнөөгийн байдал, санхүүжилт, санхүүжилтийн тогтвортой байдал, дархлаажуулалт бүхий халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн ололт амжилт, дархлаажуулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг дээшлүүлэх арга замыг тодорхойлоход оршиж байгаа юм.

Блью скай зочид буудалд болсон Үнэлгээний танилцуулах уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлж, ДЭМБ-ын зөвлөх Эрик Лаурен “Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний нэгдсэн дүн, зөвлөмж”, ДЭМБ-ын зөвлөх Давид Сулаберидзе “Дархлаажуулалтын санхүүгийн тогтвортой байдлын үнэлгээний нэгдсэн, зөвлөмж”-ийг тус тус танилцууллаа. Дараа нь ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дархлаажуулалтын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тойм мэдээлэл хийлээ.

Манай Улс Дархлаажуулалтын үйлчилгээг 1961 оноос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, 1993 оноос эхлэн үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлэн, 2002, 2011 онд шинэчлэн, хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын асуудлыг бүхэлд нь тусгаж, хүүхэд, нялхасын өвчлөл эндэгдлийг бууруулах, тэндний эрүүл мэндийг хамгаалахад дархлаажуулалтын үүрэг нэн чухал байгааг дурдсан нь Монгол Улс дархлаажуулалтын асуудалд онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.

Манай улсын хэмжээнд дархлаажуулалт бүхий халдварт өвчний өвчлөл, нас баралтын түвшин дархлаажуулалтыг нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад эрс буурсан, түүнчлэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг ханган ажиллаж байгаа нь Монгол Улс уг хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж байгаагийн нотолгоо юм.

Гэсэн хэдий ч өвчлөл цөөн бүртгэгддэг, тархалтыг нь таслан зогсоосон төдийгүй бүсийн хэмжээнд устгасан дархлаажуулалт бүхий халдварт өвчин хил дамжин зөөвөрлөгдөж, олныг хамарсан том дэгдэлт үүсгэж болохыг 2015-2016 онд бүртгэгдсэн улаанбурхан өвчний дэгдэлт нотолсон билээ.

Манай улсад хамгийн сүүлд Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээ 2002 онд хийгдсэн байдаг бөгөөд түүнээс хойш зөвхөн тодорхой сэдвүүдийн дагуу үнэлгээ хийгдсэн ба хөтөлбөрийн цогц үнэлгээ хийгдээгүй.

2016 оноос эхлэн Монгол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан олон улсын донор байгууллагаас авах санхүүжилт хумигдсан мөн манай Дархлаажуулалтын сан татан буугдсантай холбоотойгоор Дархлаажуулалтын Үндэсний хөтөлбөрийн үнэлгээний хүрээнд санхүүгийн тогтвортой байдлын үнэлгээ хийх зайлшгүй шаардлага бий болсон юм. Иймд энэ удаагийн үнэлгээгээр хөтөлбөрийн болон санхүүжилтийн үнэлгээг цогцоор нь хийж байгаа нь маш их ач холбогдолтой юм.

ДЭМБ-аас Монгол Улсын Дархлаажуулатын хөтөлбөрт хийсэн цогц үнэлгээний дүгнэлтэд “Монгол Улс нь дархлаажуулалтын тогтолцоо сайн, хүн амын бүртгэл, судалгаа сайтай, дархлаажуулалтад хамрагдалт өндөр байгааг сайшаагаад цаашид эрх зүйн баримт бичгүүдийг цаг үетэй уялдуулж шинэчлэх, аливаа гаргасан тушаал шийдвэр, төсөл хөтөлбөрт төсөв санхүүг заавал тусгаж байх, эмч мэргэжилтнүүдийн удирдлага зохион байгуулалт, урамшууллын асуудлыг шийдэх, ухуулга сурталчилгаа, харилцаа холбоо, олон нийтийн хэрэгцээ, хүүхдүүдийн вакцинд хамрагдах эрх тэгш байдал зэрэгт анхаарах” шаардлагатайг дурджээ.

Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас тусгай төлөвлөгөө гаргаж, ДЭМБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдлээ.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.