Нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 10-нд товложээ

2021-03-18 Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагчаар томилсон билээ.

Тиймээс тус тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Гурван мандаттай тус тойргоос Д.Сумъяабазартай хамт Н.Учрал, П.Анужин нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Өмнө нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай нэг өдөр явуулахаар болоод байв. СЕХ-ноос тухайн үед дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулвал нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамт зохион байгуулбал нөхөн сонгуулийг 100 орчим сая төгрөгт багтаан зохион байгуулах зардлын тооцоог гаргаад байсан юм.

Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар техникийн хүндрэл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр уг сонгуулийн санал хураалт явуулах өдрийг өөрчлөх тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжиж, батлав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.