Монголын зоос судлалын холбооны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Хобби” булангийнхаа хойморь урьж, ярилцлаа.
-Яагаад мөнгөн тэмдэгт сонирхох болов? Цуглуулагч болоод хэр удаж байна вэ ?
Үндсэн мэргэжил эдийн засаг, банк, санхүү. Тэр утгаараа мөнгөн тэмдэгт цуглуулахад ойр байсан байх, нөгөө талаар улс орон бүрийн цаас болон зоосон мөнгөн дээр тухайн орны онцлог, түүхийн онцгой үйл явдал, урлаг соёлынх нь өв тусгагдаг болохоор улам шимтэн цуглуулах болсон. Цуглуулга хийх нь өөр олон төрлийн ач холбогдлыг мөн агуулдаг. Цуглуулж буй зүйлийн талаар өргөн мэдлэг, мэдээлэл олж авдаг, цаг их ордог ч тэр хэмжээгээрээ өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой стресс, ядаргааг амархан тайлдаг, олон найз нөхөд холбож өгдөг. Зоосон болон цаасан мөнгө цуглуулж эхлээд удаагүй, 2007 оноос хойш цуглуулсан. Багадаа бага зэрэг марк, тэмдэг, спортын сэтгүүл цуглуулдаг байсан.
Таны цуглуулгад ямар мөнгөн тэмдэгтүүд байна вэ, Цуглуулгаасаа танилцуулахгүй юу?
Мэдээж Монгол Улсад гүйлгээнд явж байсан болон одоо гүйлгээд байгаа бүхий л цаасан болон зоосон мөнгөнүүдийг он дарааллаар цуглуулаад байгаа. Дээр нь дурсгалын зориулалтаар цутгасан алт, мөнгөн зооснуудын дийлэнхийг олж авсан. Гүйлгээнд яваагүй ч, албан ёсоор хэвлэгдсэн мөнгөн тэмдэгт, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн заримын загвар, эх зургуудыг мөн нэлээдийг олж авсан. Тухайлбал, Данзангийн доллар нэртэй мөнгөн тэмдэгт байдаг, 1922 онд хэвлүүлээд гүйлгээнд оруулалгүй устгасан хэдий ч цөөхөн тоогоор цуглуулагчдын гар дээр хадгалагдаж байдаг. Мөнгө гэдэг зүйл эдийн засгийн утгаар дэлхий дээр олон мянган жилийн өмнө үүсч, хүмүүс хэрэглэж ирсэн онцгой бараа. Монгол Улсын түүхэнд Хүннүгийн үеийн зоосон мөнгө ч олдсон байдаг. Цаасан мөнгө гэдэг зүйлийг дэлхийд анх хэвлэж ашигласан нь Юань гүрний үед буюу Их Монгол улсын их хаадын нэг Хубилай хааны үе байгаа. Тэр үеийн ганц нэг дэвсгэрт, мөнгөний хэвлэдэг металл бар гэх мэт ганц нэг онцгой зүйлүүд миний цуглуулгад бий.
Өөрийнхөө цуглуулгыг үнэлбэл?
Их хэцүү асуулт байна. Цуглуулгынхаа заримыг худалдаж авсан, бэлгэнд ч нилээдгүйг авсан, өөрт байгаа илүү зүйлээрээ байхгүйгээр солих замаар мөн олдог. Мөнгөн тэмдэгтийн эх зураг бол ганц ширхэг байдаг учир уран зураг, урлагийн бүтээлээс ялгаагүй үнэтэй эд гэж боддог. Түүхийн он удаан жилийн өмнө ашиглагдаж байсан зоос цаасан мөнгөн тэмдэгтүүд түүхийн ховор олдвор гэсэн бүлэгт хамаарагдаж байгаа, зарим нэг нь дэлхийд бүртгэгдсэн байдаг болохоор ийм үнэтэй байж магадгүй. Өөрт байхгүй зүйлээ олох гэж интернэтээр болон томоохон дуудлага худалдааны заруудыг байнга үзэж шалгадаг. Зарим нь олж авч чадах болов уу гэмээр үнэтэйгээр зарагдаж байгаа харагддаг. Өөрийн цуглуулгыг зарна гэж бодож байгаагүй болохоор үнийн талаар хэлж мэдэхгүй л байна.
Танд 25-тын дэвсгэртээс өөр ганц ширхэг байдаг цуглуулга бий юу?
Монгол Улс төв банктай болоод анхны “төгрөг” нэртэй анхны мөнгөн тэмдэгтээ 1925 оны 12 сард гүйлгээнд оруулсан байдаг. Түүнээс хойш 1939, 1941, 1955, 1966, 1981, 1993 гэсэн орнуудад загвар, бүтцийг нь өөрчлөн шинэчилсэн. Ингэж өөрчлөх болсон шалтгаан нөхцөлүүд нь янз бүр байдаг. Шинээр сүлд оруулах, сүлд өөрчлөгдөх, бичиг үсгээ өөрчлөх гэх мэт. Одоо гүйлгээнд явж байгаа мөнгөн тэмдэгтийн хувьд ардчилал, зах зээлд шилжсэн, инфляци, мөнгөний худалдан авах чадварын өөрчлөлт зэрэгтэй уялдуулан том дэвсгэртүүдтэй болсон зэргээр өмнөх онуудын мөнгөн дэвсгэртүүдээс ихээхэн онцлог ялгаатай. Миний цуглуулгад байдаг онцгой зүйлүүдийн нэг нь сая үзүүлсэн 1966 оны 25 төгрөгийн дэвсгэртийн эх зураг. 1965 онд засгийн газраас Монгол Улсын шинэ сүлдийг агуулсан шинэ мөнгөн тэмдэгт гаргахаар шийдэн тухайн үеийн шилдэг гэсэн уран бүтээлчдийг хамт ажиллуулсан байдаг. Тэдний дотор бурхан бүтээгч зураач Минжүүр 25-т, 50-т, 100-тын дэвсгэртийг зурж бүтээсэн байдаг. Хэд хэдэн цуглуулагч дамжин надад ирсэн. Өнгө зүс, хэмжээ, загвараараа машинаар хэвлэсэн цаасан дэвсгэртээсээ бараг ялгагдах юмгүй, жинхэнэ мөнгөний цаасан дээр усан будаг, гуашаар зурагдсан маш уран хийцтэй бүтээл. Ардын хувьсгал ялахаас өмнө монголын гэх банк байгаагүй учир хийдээс мөнгөний оронд хэрэглэж болох санхүүгийн хэрэгслүүдийг гарган хязгаарлагдмал хүрээнд гүйлгээнд төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан жишээ байдаг. Хүрээний их сангаас гаргасан 300, 5000 зоостой тэнцэх тэмдэгт, нэг, арван шар цайны сангийн тийз, Баянхонгор аймгийн лам гэгээний хийдээс гаргасан металл мөнгөний жингээр ялгаатай үнэт цааснууд цуглуулгад маань байгаа. Гарын хуруунд багтахаар тоотой гэж одоохондоо бүртгэгдээд байна. “Хаадын хаан Аугаа их Чингис хаан” гэж цутгасан алтан зоос, Бусад хаадтай холбоотой XIII зуунд хамаарагдах алт, мөнгөн зоосууд, Их хаан Хубилайн мөнгө санхүүгийн албаны тамгатай мөнгөн дэвсгэрт, хэвлэдэг бар эдгээр л миний онцгой цуглуулга болох байх даа.
Цуглуулгадаа авч амжаагүй зүйл нь юу вэ?
Монгол төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосны иж бүрэн цуглуулгатай болох юмсан гэж анх бодож байсан. Одоо нэлээд дөхүүлж байгаа гэхдээ алтан зооснууд их ховор байдаг, бас угаас цөөхөн тоогоор захиалгаар цутгагдаад ил гардаг зоос нэлээд байдаг учир бараг олж авах найдвар тун бага байдаг.
Сүүлийн үед таны “хорхойг” хүргээд байгаа цуглуулга юу байна вэ?
Монголын түүх, Монгол Улстай ямар нэг хэмжээгээр холбогдсон мөнгөн тэмдэгтүүд сүүлийн үед дуудлага худалдаагаар нилээд зарагдаж байна. Тухайлбал, 1919 онд Монголд дайрж орж ирсэн гамингийн цэргийн мөнгөн тэмдэгт болгохоор хэвлэн бэлтгэсэн Урга [Нийслэл Өргөө]-д гүйлгээнд хэрэглэх доллар хэмээх мөнгөн тэмдэгтүүд байна. Одоохондоо ганцыг л олж авсан нь таван доллар. Бусдыг нь хайж байна. Мөн тухайн үед Калган [Хаалган хот] гэж кирилл үсгээр дардас дарсан Хятадын банкны цаасан мөнгөнүүд байна. Тухайн үед Хятадын хот тус бүрийн нэрийн дардастай дэвсгэртүүдийг тухайн хотуудад гүйлгээнд оруулсан байдаг. Мөн хэвлэлийн болон цутгалтын алдаатай цаасан болон зоосон мөнгөн тэмдэгтүүд байдаг, цуглуулгад их чимэгтэй юм шиг санагддаг.
Та анх Данзангийн долларыг яаж олж авсан бэ?
Хамгийн анх нэг ширхэгийг солилцоогоор авсан. Тэгээд иж бүрдэл 6-г бүгдийг нь олох хэрэгтэй гээд бусдыг нь хайж эхэлсэн. Дараа нь дөрвийг нэг дор авсан. Нэг цуглуулагчид маань 5-тай иж бүрдэл байсан салгахгүй гээд бүгдийг авах шаардлагатай болсон. Ер нь цуглуулга хийж байгаа хүн аль болох бүгдийг нэг дор авбал зүгээр юм шиг, ганц нэгээр цуглуулбал давхардаад олон удаа авах болдог. Гэхдээ ховор зүйл бол илүүдэхгүй л дээ. Дараа нь өөр зүйлээр солилцоо хийх боломжтой байдаг.
Данзангийн Долларыг яагаад гүйлгээнд гаргалгүй устгах болов, түүхийг нь ярьж өгөхгүй юу?
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа ардын засгийн газраас улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн мөнгөн тэмдэгттэй байх хэрэгтэй гээд мөнгөний загвар зохиох уралдаан зохион байгуулж, бурхан бүтээгч лам Марзан хэмээх Шаравын урласан бүтээлийг шалгаруулж, доллараар нэрлэсэн үнийг тогтоон 50 цент, 1,3,5, 10, 25 гэсэн 6 ширхэг дэвсгэртийг 1922 онд Орос улсад хэвлүүлсэн байдаг. Нилээд өнгөлөг, монгол үндэсний хээ загвартай энэхүү мөнгөн дээр тухайн үеийн Ерөнхий сайд Данзангийн албан тушаал нэрийг оруулж хэвлүүлсэн байдаг. Гэтэл мөнгө хэвлэгдэн ирж байх хооронд тухайн үеийн төр барьж байсан хүмүүсийн хооронд маргаан тэмцэлдээн гарч Ерөнхий сайд байсан Данзанг хувьсгалын эсэргүү хэмээн цоллон хилсээр хэлмэгдүүлэн хороосноос болж уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж чадалгүй бүрэн устгасан байдаг. Орост хэвлүүлсэнтэй холбоотойгоор тухайн мөнгөн тэмдэгтийн эх загвар болон цөөхөн тоотой дэвсгэртүүд орос болон европын цуглуулагчдаас манайд орж ирэн бидний цуглуулгыг баяжуулсан түүхтэй.
Та мөнгөний үнэ цэнийг юутай зүйрлэх бол?
Миний цуглуулга мөнгөний цуглуулга гэдэг утгаараа үнэ цэнэтэй байж болох ч, түүх соёлын өв гэдэг утгаараа илүү үнэ цэнэтэй, юутай ч зүйрлэхээргүй гэж боддог. Аливаа цуглуулга гэдэг бол тухайн зүйлийн цуглуулга төдийгүй түүх, соёлын асар их мэдээлэлтэй, урлаг, загвар хийц талаас их баялаг, шинжлэх ухаан технологийн ололтуудыг багтаадаг. Мөн түүхийн өв, соёлыг хадгалан хамгаалах үүрэгтэйгээ хослодог гэдэг утгаараа нь зарим цуглуулагчдын цуглуулга үнэхээр бахадмаар байдаг. Дэлхийг харсан ч тэр урлагийн бүтээл, түүх соёлын ховор өвүүд голдуу хувь хүмүүсийн гар дээр хадгалагддаг байх. Нөгөө талаар би санхүүгийн боловсролтой хүн тэгээд ч миний одоо эрхэлж байгаа ажил маань иргэдийн санхүүгийн боловсролтой нэлээд холбогддог. Хувь хүн, том хүн хүүхэд ялгаагүй, мөн айл өрх, улс орон аль ч хүрээндээ өөрийн гэсэн хуримтлалтай байх ёстой гэсэн мэдлэгийг олон нийтэд түгээхийг зорьдог. Ирээдүйд хэрэглэх гэж одоо хуримтлуулах нь хувь хүнд ч, улс оронд маш их ач холбогдолтой зүйл. Тухайлбал, баялгийн хангалттай нөөц сантай улс орнууд эдийн засгийн аливаа хүндрэл бэрхшээлийг амархан гэтлэн давдаг. Хувь хүний хувьд хуримтлал хийх олон боломжууд байдаг. Хүмүүс хэрэглээнээсээ хэмнэсэн мөнгөө хуримтлуулахдаа нэг хэсэг нь мөнгө хэлбэрээр нь банкинд хадгалуулдаг, нэг хэсэг нь үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг байхад миний бодлоор жаахан хуучинсаг хэсэг нь алт мөнгө зэрэг хатуу зүйл худалдан авч үнэ цэнийг хадгаладаг. Харин миний цуглуулга бол бүгдийг агуулсан гэж хэлж болох байх.
Та огт мөнгөн тэмдэгт цуглуулдаггүй байсан бол?
Мэдээж өөр нэг хобби болох зүйлийг сонгох л байх даа. Залуудаа би тамирчин байсан гэхдээ спорт бол залуу насанд таарах сонирхол. Зураг авах дуртай, спортын, байгалийн сэдэвтэй зураг авдаг. Эгзэгтэй мөчийг тааруулан зураг аваад дараа үзэхэд сэтгэл их сэргэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг.
Цуглуулгаа өргөжүүлсний дараах мэдрэмж ямар байдаг вэ?
Мэдээж сэтгэл маш сэргэж, ташаал авсан юм шиг санагддаг. Дуудлага худалдаанд оролцоод авч чадаагүй үед сэтгэл зүйн дарамттай, гонсойдог ч тэр байдлаасаа аль болох хурдан салахыг боддог. Нэг зүйлийг маш их эрхэмлэхийг хичээдэг. Аливаа нэг зүйлд шунахгүй байх, донтохгүй байх. Зарим үед цуглуулгадаа хэт анхааран донтоод байгаа ч юм шиг, юманд хэт шунаад байгаа мэт мэдрэмж төрвөл шууд л нэг хэсэг өөр зүйлд анхаарч цуглуулгаа мартахыг хичээдэг. Аажуу тайван байдлаар маш эмх цэгцтэйгээр цуглуулбал бага багаар урамшин туйлбартай хичээнгүй болдог юм шиг санагддаг.
Ижил хоббитой хүмүүст хандаж хэлэх Таны үг?
Хэт донтох, хэт шунах хэрэггүй л гэж хэлмээр байна. Яарвал даарна гэдэг ардын сайхан үг байна. Юмны араас хэт шунахад алдах магадлал өндөрсөнө. Зөвхөн Монгол Улсын дурсгалын зоос гэхэд хязгаартай, их хөрөнгө зарцуулбал бүгдийг богино хугацаанд олж авах боломжтой. Дараа сонирхолгүй байж магадгүй, зах зээлийн үнэ ханшаас өндөр авсан бол буцаад хүлээх хэрэг гарах байх даа.
Танд Монгол Улсаас гаргасан дурсгалын мөнгө, алтан зоос бий юу?
Мөнгөн зоос болон жижиг хэмжээтэй алтан зоос нэлээд бий. Чингисийн алтан зоосыг ажил бүтээлийн урамшуулал, шагнал болгож аваад их баярлаж байсан. Монгол Улс дурсгалын зоосыг 1971 оноос эхлэн захиалгаар цутгуулан гаргах болсон. Хамгийн анхных нь ардын хувьсгалын 50 жилийн ойн зоос бөгөөд ижил загвар, хэмжээтэйгээр алт, мөнгө, гуулиар цутгаж гаргасан байдаг. Түүнээс хойш түүхийн дурсгалт ойн жил болон түүхэн хүмүүс, ховор ан амьтан, хуанлийн жил, од гарагс, дэлхийд онцгойрсон үйл явдал, газар нутаг зэрэг сэдвүүдээр гаргаж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын гурван сая дахь иргэн, Аугаа эх орны дайны ялалтын зоосыг цутгуулан гаргаад байна. Монгол зоос дэлхийд нилээд нэр хүндтэй, зоос цуглуулагчдын сонирхлыг их татдаг. Монгол Улсын улаан номонд орсон амьтдаар хийж байгаа цуврал зоосны 2007 онд цутгасан “нохой зээх” нэртэй сваровски шигтгээтэй хар мөнгө шиг харагддаг цэвэр мөнгөн зоос дэлхийн шилдэг зоос болж ихээхэн эрэлттэй болсон.
Хэлэх дуртай үг?
Байнга давтаад байдаг үг байхгүй ч хаяа хэлдэг үгнүүд байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ, Санаа зөв бол заяа зөв, Дэм дэмэндээ Дээс эрчиндээ гэх мэт.
Эх сурвалж: Newsmedia.mn
25 минутын өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87382
30496
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.