Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэн баталлаа

2021-01-29 Парламент

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 51 нь уг хуулийн төслийг дэмжсэн бөгөөд үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн хоёр төслийг тус бүр батлах санал хураалтыг явуулж, гишүүдийн олонх дэмжснээр хуулиуд батлагдсан байна.

Уг хуулийн төслийг баталснаар Зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэх аж.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв” нь 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж, үйл ажиллагаа хуулиар баталгаажих ач холбогдолтой юм хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өмнө нь мэдээлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.