Авах гээхийн ухаанаар хандаасай билээ, энэ парламент

2021-01-21 Нийтлэл

У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэхийг хуулийн дагуу парламентаар шийдвэрлэх нь тодорхой боллоо. Гэхдээ энэ Засгийн газарт хийсэн ажил, өөрийн гэсэн “нэрийн хуудас” байсан. Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн итгэмжилсэн сайд нар өмнө нь улс төрийн болоод төрийн албаны тэргүүн эгнээнд ажиллаж үзээгүй шахам хүмүүс байсан нь тухайн үед олны дургүйцлийг хүргэж байсан нь үнэн. Харин одоо тэд хуулиа мэдэж, учраа ойлгож, цэгцрэх шатандаа орсон. Тэгээд ч улс орон догон дэгэн амь тулсан цар тахлын энэ үед засаг, төрөөрөө оролдох нь юуны цондон бол.

Үнэндээ эл танхим анх байгуулагдсан цагаасаа л Я.Содбаатар гэх ганц “эмзэг цэг”-тэй түмэн олонд шүдэнд орсон мах шиг чичлүүлж ирсэн. Харин одоо энэ хүний балгаар У.Хүрэлсүхийн танхим ийнхүү өнөөдөр орших уу, эс орших эсэхдээ тулаад байна. 

Уг нь Я.Содбаатарын намтрыг үзвэл, бас улс төрд явж ирсэн замнал, төрийн ажлын туршлагыг баргийн хүнтэй ярилтгүй. Гэхдээ тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-гийн асуудалд холбогдож сайдын ажлаа өгч байв. Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд ажлаа өгөхдөө “…Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм” гэж байсан. Ийнхүү жил хагасын дараа дахин сайд болсон. Ингэхдээ дэвшээд Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон юм. Ингэж 32 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаараа түүнийг томилсон нь “…ЖДҮ-гийн асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хатуу тэмцэнэ” гэсэн 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ үгүйсгэсэн явдал болсон хэрэг. Тиймээс л олны нүдэнд энэ засгийн бүрэлдэхүүн таагүй харагдсан ч бусад сайдуудын буянаар энэ хүрсэн. Тухайлбал, өмнөх Засгийн газраас улирч үлдсэн дөрвөн сайдын нэг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. МАН-ынхаа дарга байсан М.Энхболдыг “мөргөж”, дараа нь байгуулсан Засгийн газарт сайдаар орсон тааруухан түүхтэй. Гэхдээ сайд болоод барьж авсан “E-MONGOLIA” хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж эхэллээ. Үүгээр үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр анхны хувилбарыг гаргаж, эхний шатанд төрийн 181 үйлчилгээг цахимжуулсан гээд түүнд авах юм ч байна, тааруу түүх ч бий.

 

Түүнчлэн Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг удирдаж байв. Түүний салбараа удирдах зөв төлөвлөлтөөр хэдхэн км-ийн цаана буюу урд хөршид аюулын харанга дэлдэж байсан цар тахлын халдварын тархалтыг өөрийн улсын хилээр оруулахгүй бүтэн арван сар урьдчилсан хамгаалалт хийж чадсан. Бид энэ хугацаанд л гараа угааж, амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж сурсан. Өөрөөр хэлбэл, түүнийг эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж сайн ажилласан сайд хэмээн үнэлдэг. Үнэндээ Дэлхий дахинд цар тахал аюулын харанга дэлдэж, олон хүн өвчилж, нас барсан хүний тоон мэдээлэл ч өдөр ирэх тусам нэмэгдэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барьц алдах явдал ч гарч байв. Харин манай улс зөөвөрлөгдсөн тохиолдлыг дотооддоо алдахгүй, нам барьж чадаж байсан нь энэ хүний гавъяа. Тэр ч бүү хэл хоёр ч шатны сонгуулийг зохион байгуулж дөнгөсөн. Улмаар шинэ Засгийн газар байгуулагдаж, мэргэжлийн хүн салбарын сайдаар томилогдсон. Энэ Засгийн газарт хариуцлага алдсан нь бий ч шинэчлэлийг эхлүүлж, хийж бүтээхээр сэтгэл шулуудсан нь ч бий.

Мөн энэ засагт төр засгийн ажилд балчирдах хэдэн сайд байсан уу гэвэл, тийм. Тэдний төлөөлөл бол УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны сайд болж дэвшсэн Н.Энхтайван. Тэрбээр улс орны оршин тогтнох гол жолоог атгачихаад өнгөрсөнд үнэхээр хийтэй ажилласан. Тухайлбал, элэг нэгтэн өвөрмонголчууд үндэсний бичгээ хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхэд “Монгол, Хятад улс бие биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж ажиллана” гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д хэлээд явуулсан юм. Үүнийг ажиглагчид “Гадаад харилцааны сайд шууд бусаар монгол бичгийг хэрхэх нь бидэнд хамаагүй гэсэн Монгол Улсын байр суурийг илэрхийллээ” гэж байсан юм. Үүнээс 14 хоногийн дараа Н.Энхтайван сайд “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 6-нд гаргав” гэж мэдэгдэв. Гэтэл манай улс Европын холбооны саарал биш хар жагсаалт, ФАТФ-ын саарал жагсаалтад бичигдчихээд байв. Энэ мэтчилэн түүний алдаа нэгээр зогсохгүй. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бөөн эсэргүүцэл дундаас гүрийж суусаар Сангийн сайд болсон. Тэр үед У.Хүрэлсүх дөнгөж Ерөнхий сайд болоод танхимаа бүрдүүлсэн. Сүүлд дахин сонгогдоод “давхар дээл”-тэй дөрвөн сайд томилоход Ч.Хүрэлбаатарыг бас оруулж ирсэн. Дахиад л эсэргүүцэл дундуур зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар 2017 оноос хойш тасралтгүй гурван жил Сангийн сайдаар ажиллаж байгаа юм. Мөн У.Хүрэлсүхийн “давхар дээл”-тэй дөрвөн сайдын нэг бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм. Тэрбээр мөн л цахим орчинг улайстал авсан нөхөр дөө. Аан мөн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа магадгүй энэ Засгийн газрын хамгийн романтик нь байх. Тэрбээр цахим орчинд идэвхтэй, нээлттэй нэгэн. Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн тамгыг төрсөн өдрийн мэндчилгээнд дарж явуулаад нэлээд шүүмжлүүлсэн. Ичсэндээ “За дараагийн удаа дарахгүй л байя даа” гэсэн мэдэгдлийг сайд хийсэн байдаг. Харин түүний бүтээсэн ганц гавъяа бол ehalamj.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлэв. Ингэснээр иргэд тэтгэмж авахдаа заавал хороо, дүүрэг дээр очихгүйгээр бүртгүүлэх боломжтой болсон юм. Гэх мэтчилэн энэ танхимд хар, цагаан олон автор үлдэж…

 

 

Тог тог… ХААЛГАА нээ

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.