ХЗБХ: Ажлын хэсгүүд байгуулж, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2021-01-19 Парламент

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 09.22 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Тодруулбал, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт ажлын хэсгийн танилцуулгыг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг төслийн хавсралтад нэмж тусгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болгон өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсан байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг төсөлд тусгаснаар тогтоолын төслийн 1 дэх заалтад өөрчлөлт орж, хавсралтаас 14 хууль тогтоомж хасагдаж, 18 хууль тогтоомж нэмэгдэн, 2 хууль тогтоомжийн нэр болон зохицуулах харилцааны агуулгад, 30 хууль тогтоомжийг өргөн мэдүүлэх хугацааг өөрчлөлт орсныг танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Ажлын хэсгүүд байгуулав

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг баталсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэв.

Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолыг батлав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.