Буруутай этгээдийг тогтоож 408.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлнэ гэв

2017-05-24 Парламент

Байнгын хороо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн  мэдээллийг сонслоо. Тэрбээр Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар гишүүдийн асуултад хариулт өгөв.  Монгол Улс концессын гэрээ хийж эхэлснээс хойш нийт 1.9 их наяд төгрөгийн гэрээ хийжээ. Гэвч бүтээн байгуулалтын өртөг, компанийн ашиг гэх мэтийн хяналт сул байна гэсэн  Байнгын хорооны гишүүдийн шүүмжлэлийг дагуулав. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва,  Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх хөрөнгийг хэрхэн зарцуулах  талаар тодруулав. Түүний асуултад”ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөөр өрөө бууруулж, өрийн тогтвортой байдлыг бий болгоно. Хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирнэ. Энэ мөнгөн дүнгийн хоёр тэрбум  ам.доллараар юанийн своп хэлэлцээр сунгана. Үлдсэн 3.5 тэрбум ам.доллар дотоодын Засгийн газрын үнэт цаас солих, төсвийн алдагдлыг нөхөх зэрэгт зарцуулна” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:   Монгол Улсын нийт өрийн тал хувь нь Оюутолгойн  өр болно шүү

-Монгол Улс өрийн асуудлаар дампуурчихсан нь мэдэгдээд байна. Оюутолгой бол Монголын компани. Манайд орж ирээгүй дөрвөн тэрбум ам.долларын зээл байна, Рио Тинто-гийн дансанд. Гэхдээ барьцаа баталгаа бүх зүйлээ Монголын нэр дээр гаргачихсан. Ингээд бодохоор Оюутолгойн нийт өр болох 12 тэрбум ам.доллар чинь Монгол Улсын гадаад өр гэж тооцогдох болчихоод байна. Энэ бүгдийг үнэн зөв болгохгүй бол бид найман жил нэг компанийн улс явж ирсэн. Тэр компанийн эрх ашгийг хамгаалж ирсэн. Зарлага өсөөд байхад удирдлагын цалин нэмэгддэг ганцхан компани дэлхий дээр бий. Тэр бол Оюутолгой.  Энэ бол дэндүү доромжлол. Энэ бүгдийг шийдэж явахгүй бол нэг өдөр Монгол Улсын нийт өрийн тал хувь нь энэ компанийн өр болно шүү. Тэгээд бид төлнө шүү. Та нар бод л доо.  Рио Тинто-гийн авсан дөрвөн тэрбум ам.долларын өрийг Монгол Улс дээр биччихээд сууж байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Баттөмөр: Энэ олон концесс Монголыг сүйрэл рүү авч явж байна 

-Концессын асуудлыг Үндэсний хөгжлийн газар хариуцна гэж байгаа. Яг бодит санхүүжилт нь сангийн яамаар дамжиж гарна. Татвар төлөгчдийн халааснаас гарна. Энэ олон концесс Монголыг сүйрэл рүү авч явж байна. Гол төлөв гишүүдийн шахаасаар хийгдсэн, өртөг зардал нь өндөр байдаг.

Байнгын хорооны хуралдааны дараагийн асуудал нь  Монголбанкинд хийсэн шалгалтын талаарх мэдээлэл. Энэхүү шалгалтын материалд маш нууцын зэрэглэлтэй гурван асуудал багтаж байгаа тул хаалттай хэлэлцсэн юм. Харин нээлттэй хэлэлцэх үед яригдсан асуудалд болон ажлын хэсгийн дүгнэлтийг  хүргэе. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дүгнэлтийг танилцуулсан юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү болон бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь төрд хохиролтой, Яамдын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад хууль эрхзүйн актыг мөрдөж ажиллаагүй, Хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэжээ. Мөн газрын тосны үнэ тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж нийт 408.4 тэрбум төгрөгийн хохирлын эдийн засгийн хохирлыг төрд учруулсан гэсэн юм. Монголбанкны алдагдал 2016 оны эцсийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байна.Үүнээс гадна шаардлагагүй мэдээллүүдийг нууцалсан, Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд нийт хуримтлагдсан алдагдлын талаас илүү хувийг хамарч байна. 2012-2016 онд нийт 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан“Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Монгол банкны нууцлалын зөрчлийг арилгах, Шилэн дансны тухай хуульд хамрагдах, алдагдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг даалгах, нийт авлагыг барагдуулах үр дүнтэй арга хэмжээ авах, Монголбанкны эрдэнэсийн сангийн хууль бус байж болзошгүй зарим гүйлгээг хууль хяналтын байгууллагаар шалгуулах талаар хэлэлцэх саналыг хүргүүлж байна.

Мөн шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учраас 408.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн бие даасан, хараат бус байдлыг зааглаж, холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.