Утаанаас сугарч аялах гэж байна уу, Танд хэрэгтэй апп-ууд

2023-01-4 Аялал

 

Орчин үед аялалд гарахад аян замын цүнхэндээ хэрэгтэй зүйлсээ базаагаад л бэлтгэл хангачихлаа гэвэл эндүүрэл. Ухаалаг утас хөгжсөн өнөө үед аяны богцон дахь эд зүйлээс дутахгүй хэрэгцээтэй зүйл нь аяллын апп-ууд болжээ. Аппликейшны сонголт дэлгүүрийн бараанаас ч өргөн дэлгэр болчихоод байгаа өнөөгийн нөхцөлд яг хэрэгцээтэй апп-ыг олж авах нь чухал. Тийм ч учраас 2015 онд ухаалаг утас хэрэглэгчдийн санал асуулгаар шилэгдсэн хамгийн шилдэг аяллын апп-уудыг уншигч танд танилцуулж байна.

Юуны өмнө “Google Maps”, “Google Translate” бол аяллын хамгийн хэрэгтэй туслах, ухаалаг утасны бараг үндсэн цэс болтлоо хөгжсөн апп гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. Өнөөдөр газрын зураг, аяллын маршрут, зүг чигээ олоход туслах олон арван апп гарсан ч аль нь ч “Google Maps”-тай өрсөлдөх хэмжээнд өргөн хүрээг хамарч чадаагүй л байна. Жолоо барьж байгаа, явган аялж яваа, дугуй унаж байгаа гээд тээврийн аль хэрэгслээр зорчиж буйгаас үл хамааран GPS-ээр чиглэлээ авч, орчны зураглалыг хиймэл дагуулаас, 3D-гээр гээд олон янзаар харж, ойролцоох худалдаа үйлчилгээ, хоолны газруудыг мэдэж, захиалга өгөх гээд “Google” танд амьд хөтчөөс ч илүү мэдээлэл өгч чадна. Хэрэв орчуулагч хөтөчгүй явж байгаа тохиолдолд “Google Maps” танд газарчилж, “Google Translate” хэлмэрчлэнэ. “Google Translate” нь  харь хэлээр бичсэн ойлгомжгүй үг, хаяг зэрэг дээр  утасныхаа камерыг тааруулахад л юу гэж байгааг нь орчуулж өгөхөөс гадна хоёр хүн ярьж байхад хүртэл синхрон орчуулга хийдэг болон хөгжөөд буй. Бичгээр 90 хэл, автомат яриагаар 40 хэлнээ орчуулга хийх энэ апп үнэгүй гэдэг нь хамгийн том давуу тал.

Зөвхөн аяллын үгсийг тольд

“Bravolol” бол яг аялалд зориулсан апп. “Баярлалаа”, “Хэд вэ”, “Хоёр хүний ширээ хэрэгтэй байна” гэх мэт харь улсад явахад хэрэг болдог ойр зуурын бүх үгсийг “Bravolol”-оос ганц товшилтоор харж болно. Хэрхэн уншихаа мэдэхгүй бол үгэн дээрээ товшиход л дуудлагыг нь чангаар хэлээд өгнө. Франц, Испани, Хятад, Португали, Орос, Араб гэх мэт түгээмэл хэл бүгд багтсан энэ аяллын хэлмэрч апп үнэгүй.  Гэхдээ 4,99 ам.доллар төлөөд илүү баялаг үгийн сантай хувилбарыг нь ашиглаж болно.

А цэгээс Б рүү

Харь улсад яваа үед зүг чиг заагч шиг хэрэгтэй зүйл үгүй. Газрын зүг чиг, баримжаа, хэр хол, хэр удаан явж хүрэх зэрэг хамгийн гол мэдээллийг өгөх нэгэн апп байдаг нь Rome2Rio” юм. Та дэлхийн хаана ч байсан А цэгээс Б рүү хэрхэн хүрэх, замдаа хэр удах,  хэд орчим зардал өртөг гаргахыг эндээс мэдэж болно.

Нислэгийн талаарх бүхнийг FlightAware-ээс

Агаарын тээврийн байнгын зорчигчдын хувьдFlightAware” хэдийнэ хамгийн хэрэгтэй апп болсон.Энэ аппыг утсандаа суулгасан байхад нислэгийнх нь дугаараар дурын онгоцыг хаана явааг нь мэдэх боломжтой. Мөн таны нислэг хойшилсон, цуцлагдсан, аль эсвэл нисэх буудлын гарц нь өөрчлөгдсөн эсэхийг цаг алдалгүй мэдэгддэг. FlightAware” нисэх буудлуудын өөрийнх нь апп-аас ч түрүүлж нислэгийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэдэг шуурхай байдлаараа талархал хүлээдэг юм. Та нислэгийнхээ авиа компани, дугаар эсвэл чиглэлийг оруулсан байхад л шинэ мэдээллүүдийг автоматаар хүргэж байх болно.

Дата хянах менежер

Хилийн чанадаас буцаж ирсний дараа утасны төлбөрөө хараад бухимдсан тохиолдол байгаа л биз дээ. Тэгвэл “My Data Manager” аппыг суулгасан байхад дата хэрэглээгээ хянах боломжтой. Өнөөдөр хэдий хэмжээний дата ашигласан, юунд ашиглав, энэ ь нэг сарын хэрэглээний хэдэн хувьтай тэнцэж байна гэх мэтээр бүрэн мэдээлэл өгснөөр та хяналттай болж байгаа юм. Хилийн дээс алхахаас өмнө хэдий хэмжээний дата хэрэглэхээ тооцчихвол түүнээсээ хэтрэх үед танд сануулга хүртэл өгнө.

Миний эргэн тойронд…

Зүг чиг, маршрут заах апп олон байдаг ч “AroundMe”-гийн давуу тал бол банк, кофе шоп, кино театр, дэлгүүр гэх мэт таны ойр хавиасаа хайсан газрыг хурдан шуурхай харуулдаг. Ингэхдээ эдгээр газрыг үгээр бичиж хайх биш, каталоги дахь дүрсээр илэрхийлсэн зургууд дээр нь дарахад л таны ойр ямар банк байна, эмийн сан байна гэх мэтчилэнгээр харуулах болно.

Тоо бодож толгой өвдөхгүй

Гадаадад яваа үед ямар нэг зүйл худалдан авлаа гэхэд тухайн орны мөнгөн дүнг өөрийнх рүүгээ шилжүүлж тооцох гэж яршигтай ажил бий.  Тоо бодох толгой өвтгөсөн асуудлыг шийдэх валют хөрвүүлгийн хамгийн сайн апп бол “XE Currency” юм. Энэ бол барууныхны хамгийн өргөн ашигладаг валют хөрвүүлгийн аппликейшн. Үүгээр аливаа валютын хамгийн сүүлийн үеийн ханшийг мэдээлэхээс гадна тодорхой мөнгөн дүнг таны хүссэн валютаар хөрвүүлээд хэд болохыг нь таны өмнөөс тооцоолох болно.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.