Алтан прагаар аяласан тэмдэглэл

2021-06-11 Амрах агшин

“Навсагнаад байгаарай”

Онгоцны цонхоор хадлангийн талбай бололтой хэсэг газрыг эс тооцвол бүхэлдээ номин ногоон харагдах нь өвлийн хайруугаас арайхийн сугарч, урин дулааныг мөрөөсч эхэлж буй бидэнд туйлын таатай. Бишкекэд үдлээд, Станбулд нэг өнжөөд, лавтайяa  10 илүү цаг ниссэний эцэст Прагад буух гэж байгаа нь энэ. Нар дагаж явж буй болохоор хэдэн цаг явсан талаарх баримжаа ч алга. Хамт яваа сэтгүүлч Г.Батзоригоос асуутал мөн л тойм төдий юм хэлж байна. Онгоцноос буунгуут нисэх буудлын үүдний хэсэгт эрэгтэй, эмэгтэй цагдаа зорчигчдоос бид хоёрыг үлдээн пасспорт, биеийн байцаалтыг шалгалаа. “Энэ олон хүнээс бид хоёрыг л шалгахдаа яах вэ” гэсэн бяцхан гомдол төрж байна шүү. Өөр нэг гоолиг бүсгүйг саатуулахад нь бас жаахан тайтгарах маягтай. “Хаана буудаллах вэ”, “Ямар зорилгоор Чехэд ирж байна”, “Буцах тийзээ үзүүлнэ үү” гэх мэтээр биднээс шалгаав. Хамт саатуулагдсан өнөөх царайлаг бүсгүй Укрианаас ирсэн болж таарлаа. Япон жуулчдаас биднийг, адилхан шар толгойтнуудаас тэрхүү бүсгүйг ялгаж, шалгасныг бодож гайхсаны эцэст цагдаа нарыг “ажилдаа гаршжээ” гэж дүгнэв. Арай сэхээрээд бодтол бидний пасспортын хавтас өөр байсан юм билээ. Харин өнөөх бүсгүйн тухайд бол түүн шиг өндөр өсгийтэй шаахайтай, богино банзал өмссөн хүн зорчигч дунд байгаагүй. Цагдаа нар чамгүй хугацаанд  саатуулсны дараа пасспортыг минь өгч байна. Нэг нь төрөлх хэлээрээ хэдэн үг хэлснээ эцэст нь “Навсагнаад байгаараа” л гэх шиг боллоо. Хэлсэн үг, олон зорчигчийн өмнөх бүдүүлэгдүү үйлдэлд нь бяцхан дургүйцэж,“Монгол Япон шиг, Укриан баруун Европ шиг болсон цагт л бид хүний нүдэнд хүн мэт харагдах болов уу” гэсэн таагүй бодолтой нисэх буудал руу нэвтэрлээ. Хаа очиж хилийн нэвтрэх дээр саатуулсангүй.

Прагад байгаа Монголын Элчин сайдын яамны атташе Э.Баярхүү, жолооч н.Давааням ах биднийг тосов. Утсаар холбогдож байснаас өөр таньж мэдэхгүй манай хоёр угтагсадын дундаас эрс ялгарч байна. Монгол хүний биеийн хөгжил, алхаа гишгээ, нүдний харц гээд олон зүйлээр азиудаас ондоо юм гэдгийг мэдэрч өнөөх цагдаа нарыг биднийг саатуулсанд тэгтлээ их гайхахаа болив.  Яах аргагүй бид япон, хятад, солонгос, Чехэд мянга мянгаараа ”шигдсэн” вьетнамуудаас эрс ялгардаг байх нь. “Авилгал, дайн, байлдаанд хөл толгойгоо алдсан Укриантай бодоход ч бидний ирээдүй гэгээтэй шүү” гэж бодохтой зэрэгцээд өнөөх бүсгүйг өрөвдөж ч байх шиг. Гоо үзэсгэлэн гэдэг өөрт нь бардамнал, өрөөл бусдад гайхширал, тааламж, баяр баясал зэрэг олон сайхан мэдрэмж өгдөг  ч хүчтэний өмнө  хөөрхийлөлтэй л зүйл аж. Харин баяртай гэдэг үг нь “навсагнаад байгаараа” гэдэгтэй ойролцоо сонсогддог гэдгийг сүүлд нь мэдэж билээ.

Моли амьдрах цэцэрлэг

Нисэх буудлаас шууд Монголын элчингийн байр руу хөдөллөө. Онгоцны цонхоор харагдаж байсан  ногоон ертөнцийг дэргэдээс нь харж явав шүү. Зам дагуу модод , цэцэрлэг дундах байшин ээлжилж харагдах юм. Цэвэр, цэмцгэр “алтан” Прага дахь Монголын Элчингийн байранд хүрлээ. Гаднаасаа л  хүний анхаарлыг эрхгүй татахаар өнгө, үзэмж сайтай юм. Өрөөний дотоод зохион байгуулалтаас өгсүүлээд дугуйрсан шатны гишгүүр хүртэл хүний алхамыг тооцоолж тааруулсан нь илт мэдэгдэнэ.  150 гаруй жилийн өмнө Чехийн язгууртан амьдарч байсан Монголын Элчингийн байр интерьер, экстерьерийн гайхамшиг юм. Прагийн соёлын өвд тооцогддог байр болж таарлаа. Аль социализмын үед л манай Элчин сайдын яам энэ байранд байрлаж байсан ч  өөрийн болгож авч чадаагүй байжээ. Ардчилал гарахтай зэрэгцээд өнөөх байрны анхны эзний төрөл төрөгсөд гарч ирж, өмчийн маргаан гарсан юм байх.  Эцэст нь манайхан зөвхөн барилга байгаа хэсгийг худалдаж авчээ. Хэдийгээр манай өмчлөлд байдаг ч  Прагийн соёлын өвд багтдаг учир  засвар хийхдээ хүртэл хотын захиргаанаас зөвшөөрөл авах ёстой юм гэнэ. Ганцхан энэ байрны жишээнээс Чехүүд түүх, соёлын өвдөө хүндэтгэлтэй ханддаг, хүний өмчлөлийн эрхийг сүрхий дээдэлдэг болох нь анзаарагдана. Үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компани таллаж авсан хашааанд нь 10 орчим давхар орон сууц барихаар танилцуулгаа өлгөжээ. Суурийн нүхийг нь ч ухаж эхлээгүй байгаа уг барилгын захиалга хэдийнэ дууссан гэх юм. “Прага-6” гэх энэ дүүрэг нь  хотын төвөөс холгүй атлаа дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай болохоор хотын чинээлэг айлууд, элчингийнхэн төвлөрчээ. Атташе Э.Баярхүү нэвсийж ургасан модот гудамжны хашааны булан дахь нэгэн хаягийг заав, Монголын гудамжийг бидэнд үзүүлсэн нь тэр аж. “Монгол” гэж уншигдах уг хаягтай гудамж тийм урт биш ч, тэнд Иракийн элчин сайдын яам байдаг аж.  Элчин сайдын яамны ойролцоох толгод, тэнд буй бяцхан горхийг байгалийн мэт хэвээр үлдээж, сандал байршуулж эргэн тойрныг тохижуулжээ. Элчин сайдын яаманд байх угаалгын өрөө бүхий хоёр ортой буудалд саатсан юм. Цонхны цаадах ургамлын үнэр, модны навчисын сэрчигнээн, шувуудын жиргээ нь Буурал Европын зүрхэн дэх Метрополис хотын төвд байгааг мартагнуулна.  Харин ч эсрэгээр  онгон зэлүүд газрын аглаг ойн цоорхойд амарч буй сэтгэгдэл төрүүлнэ.

Унаган байгалийг хэвээр үлдээх гэсэн бяцхан Молигийн тухай хүүхэлдэйн кино манай телевизүүдээр гардаг даа. Байгаль, хүрээлэн буй орчиноо хотжилт, үйлдвэржилт, технологийн дэвшилийн золиос болгохгүй хэмээн тэмцэж буй заргач, зөрүүд сохор номин, түүний найзууд болох аймхай туулай ховдог зарааны тухай цувралыг чехүүд бүтээж, дэлхий дахинд алдаршуулсан. Тэгвэл Моли, түүний найзуудын үйлс Чехэд тасралтгүй үргэлжилжээ. Газар нутгийн 80 хувь ой мод байдаг гэх бөгөөд айлууд хашаандаа албан байгууллагууд гаднаа төрөл бүрйн мод тарьсан нь титэм, навчисаар өнгө хоршин өвөрмөц гоо үзэмж бүрдүүлжээ. Прага гэлтгүй Чехийн аль ч хотын цэцэрлэгт ч байгаль хамгаалагч  Моли, түүний найзууд огтхон ч  “хэл ам татлахгүйгээр” амьдрах юм билээ.

 Оломоор татсан ус

Хүннүгийн удам угсааны Аваргууд нэгэн цагт Европод чамгүй том газар нутгийг эрхшээж байх цагт  славчууд тэдний захиргаанд байсныг эс тооцвол чех монголын түүхэн хэлхээ тийм ч ойр биш. Европын улсуудын арми Лигнецид Бат хаанд бут цохигдоход чехба монголчууд зэвсэг агсан өөд өөдөөс тулах шахсан түүх бий. Өөрийн үеэл YI Бела ванд туслуулахаар II Премус Отокара хаан чехийн армийг явуулсан ч  тулааны талбарт ирэхээс өмнө Бат хааны цэрэг Белаг хөнөөж,  армийг нь бут цохижээ. Хэдийгээр морнголчууд Чехийн хаант улсын зүүн хязгаарт очсон боловч төдийлөн удалгүй буцжээ. Чехийн дөрвөн том хотын нэг Оломуцыг монголчууд бусэлж, тэндэхийн голын ус монгол цэргүүдийн морины оломоор татаж байсан учир Олом ус хэмээн нэрийдсэн гэх домог яриа байх юм. Тэр ч байтугай монголжуу төрхтэй хүмүүс өнөө хүртэл Чехэд байдгийг дайнч нүүдэлчдийн үр удам гэж үзэх юм билээ. Чингис хаан өөрийн биеэр Европод ирсэн бол гарцаагүй энэ байшинд буух байсан гэж ярих жуулчид готик загварын сүмийн дэргэд зургаа авахуулах юм. Тухайн үедээ Европдоо хамгийн том барилга байсан гэгдэх хонхот сүм бүрэн бүтнээрээ бидний үед иржээ. X,XI, XII, XIII зууны үеийн барилга байшин, хааны ордон сүм хийд олон зуун жилийн түүхийг тоосго, чулуу бүртээ нууцалсан мэт санагдуулна.  Түүх, байгалийн үзэмж гэдэг миний хувьд хамгийн сонирхолтой сэдэв байсаар ирсэн.   Чехийн хамгийн том дөрвөн хот Прага, Брно, Плзень, Оломуц, тэдний дагуул хотууд, тосгодоор хүртэл аялж явахад бүхэлдээ л миний сонирхдог ертөнц оршино. Готик, романтизм, сэргэн мандалтын үеийн бүхий л барилгыг нэг гудамнаас харж болохоос гадна, бараккогоос модерн хүртэл уран барилга, баримлын цуглуулгыг нэг дороос л харчих юм. Хотоос хот орох замд битүү мод байх бөгөөд хотууд нь бүхэлдээ ногоон байгууламжаар  бүрхэгджээ. Цагийн эрх, бэлчээрийн соргогийг хайж байнга нүүдлэж явсан өвгөдийн маань сэтгэхүйн онцлог байдаг юм болов уу. Манайхан аливаа хуучин зүйлийг бодож төвдөхгүйгээр орхиж, нурааж, өөр шинийг олох эсгүл бүтээдэг бол чехүүд эсрэгээрээ. Өнөөдрийн аж амьдралаа ч маргаашийн түүх болгож хадгалж, ахуйн соёл, түүхийн өвдөө гүн хүндэтгэлтэй хандаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэнэ. 1842 онд баригдсан Плзенийн пивоны үйлдвэрийг  яг тэр хэвээр нь үлдээж музей болгожээ. Пивоны аялал жуулчлал хөгжсөн учир уг музейг нь үзэх гэсэн хүний хөл тасарна гэж үгүй. Витковеца гэх гангийн үйлдвэрийг мөн л тэр хэвээр нь музей болгож. Асар том төмрөн хот гэмээр тэрхүү байгууламжийг монголчууд хэдийнэ буулгаад хаягдал төмөрт тушаасан байгаа даа гэж бодогдсон .Нүүрс коксжуулж байсан үйлдвэрийн байр болон хий боловсруулдаг байрыг номын сан, театр болгосон байх юм. Ер нь Чехийн аль хотод алхам тутам ямар нэгэн музей байх бөгөөд барилга байшин нь өөрөө музейн үзмэрүүд шиг юм. Прагад л гэхэд хотын төв дотор өндөр барилга барихыг эрс хориглох юм билээ. Эртний барилгууд нь он жилийн явцад утаа тоосонд харлаж, өнгө үзэмж нь гундсан ч яг тэр хэвээр нь байлгахыг эрхэмлэх юм. Прагийн төвд байх асар том дэлгүүрийн нүүрний хэсгийг хуучны маягаар үлдээж, дотор нь орохоор асар том урсдаг шат бүхий  шил толь болсон орчин цагийнхаар төлөвлөжээ.  Дэлхийн хоёр дайнд байшин барилга, түүх дурсгалаа эвдүүлэлгүй, бүтэн аваад үлдсэн айхтар хүмүүс юм. Рейхийн дайчдыг, коммунист хэнээтнүүдийг ч ямарваа эсэргүүцэлгүйгээр хүлээж авч оруулаад үдээд гаргаж.  Монголын эзэнт гүрний үеийн барилгуудаас балгас ч болтугай, Өндөр гэгээн зэрэг урлаачдын бүтээл, өвөөс ингээд л үлдсэн бол гээд атаархаж явлаа…

С.Ганболд

 

 

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.