УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна

2020-11-6 Парламент

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай хуулиудын хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээс гадна ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Шинэчлэн батлагдсан Хүний эрхийн үндсэний комиссын тухай хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт, томилгооны сонсгол зохион байгуулсны үндсэн дээр ХЭҮК-ын гишүүнд таван хүнийг нэр дэвшүүлсэн.

Хуралдаанаар ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид, Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Ж.Хунанг тус тус дэмжсэн юм.

Ийнхүү тус хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хүний эрхийн тухай цаасан дээр маш тод томруун зааж, хүний эрхийг дээдэлдэг байгаа ч бодит байдал дээр шал өөр байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 18 асуудлаас хамгийн их зөрчигдөж байгаа нь аль вэ”

 Нэр дэвшигч Ж.Хунан “Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал таагүй байгаа нь үнэн. Хууль эрхзүйн орчны хувьд сайн явж байгаа боловч хэрэгжилт нь хүний эрхийн зөрчилтэй байна. Үүнийг засахын тулд ажиллах болно. Монгол Улс энхийн цагт нас барж байгаа хүнийхээ тоогоор дээгүүр орж байна. Зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ялангуяа хүүхэд багачуудын эндэгдлийг бууруулах чиглэлд, эрчимтэй, нухацтай ажиллах болно.

 Нэр дэвшигч Д.Сүнжид “Бид хүний хууль тогтоомжийн судалгаанд дүн шинжилгээ хийхэд хэд хэдэн учир дутагдалтай зүйл ажиглагдаж байна.  Хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчил, санхүүгийн нөөцийг хүртээмжтэй хуваарилж чадаж байна уу. салбар хоорондын чиг үүргийг уялдуулах, төрийн албан хаагч, хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хандлага, иргэдийн өөрсдийнх нь эрх зүйн мэдлэг мэдээлэл гээд асуудлууд хамааралтай. Нэн тэргүүнд хүүхдийн эрх байна. Монгол Улсын төрийн байгууллагад энэ чиглэлд хамтдаа анхаарч ажиллах хэрэгтэй байна. Мөн төрийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах ёстой”

 Нэр дэвшигч Х.Мөнхзул “Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлд эрхзүйн орчин хангалттай сайн бүрдсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт маш сул байна. Тиймээс үүнийг сайжруулах асуудалд чиглэлд анхаарч ажиллана. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш хангалтгүй байгаа”

Нэр дэвшигч Б.Энхболд “Монгол Улсад хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш ихээр зөрчигдөж байна. Мэдээж зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл их гарч байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай шууд холбоотой. Төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаад хариу авч чаддаггүй нь иргэдийн бухимдлыг маш ихээр төрүүлдэг. Түүнчлэн өмчлөх эрхийн асуудал тулгамдаж буй асуудлын нэг болоод байна. Хүний эрүүл мэндэд халдсан асуудал бас их байна. Мөн тулгамдаад буй нэг асуудал шүүхээр гэм буруутайг нь тогтоох хүртэл хүнийг яллаж болохгүй гэсэн зарчим байнга хөндөгдөж байна. Ялангуяа цахим орчимд хүний нэр төрд халдах, зураг хөргийг нь дэлгэх гэх мэт асуудал их гарч байна.  Хүний хувийн эрх чөлөөнд халдаж байгаа учир төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран санаачилгатай ажиллах болно”

Нэр дэвшигч Г.Нарантуяа “Ядуурал буюу орлого багатай хүмүүсийн эрх маш их зөрчигдөж байна. Үүнээс үүдээд хоол тэжээлийн дутагдалд орох, хамгийн эрсдэлтэй, хортой ажил хийж байна. Тиймээс төсөв хуваарилалт, байгууллага хоорондын уялдаа холбоо, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдыг чадавхжуулах асуудал чухал”

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Та бүхэн улс төрөөс ангид ажиллаж чадах уу, ер нь хүүхдийн төлөө ажиллах чин сэтгэл байна уу,” гэдэгт хариулт авмаар байна. Нэр дэвшигчид ямар нэгэн нам улс төрөөс хараат бус ажиллаж чадахаа хэлж байв.

Хуралдаан үргэлжилж байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.