Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлийг хийлээ

2020-11-5 Парламент

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 ны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тус тус танилцуулахдаа Байнгын хороодоос хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй гэдгийг дурдав.

Иймд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлэхдээ Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлд бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, гамшгаас хамгаалах, үлийн цагаан оготнотой тэмцэх зэргээр Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх татварын орлогын захиран зарцуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нутгийн өөрөө удирдах зарчмыг нь хүндэтгэж, татварын зарцуулалтыг хатуу тогтоохгүйгээр орон нутагт эрх мэдлийг өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Дараа нь хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлд “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж буй малын тоо толгойг тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө гэсний дараа төсөвт төвлөрсөн албан татварын орлогыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуулийн төслийн 8 дугаар зүйлд “Албан татварыг бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэхэд зарцуулна” гэсэн шинэ заалт нэмэх санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин гишүүд Сангийн сайдын саналаар “Төсвийн тухай хуулийг дагаж гаргах УИХ-ын тогтоолын төсөлд малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг тодорхой тусгасан заалт оруулахаар тогтлоо.

Мөн Ажлын хэсгийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “2 дугаар зүйлийн “2020 оны 10 дугаар сарын 01-ний” гэснийг “2021 оны 01 дугээр сарын 01-ний” гэж өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.