Хуучин хонгилын хоймроос САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ хөөгөөд Голомтын БАЯСГАЛАНГ шинэ эзнээр өргөмжлөв

2020-10-30 Нийтлэл

Бүх юмны бүдүүн дарга банз шаахайн эзэн болж балбаж занчина гэнэ ээ…

За нөгөө сахалтай босс чинь салам донгодуулаад хонгилын орлон гүйцэтгэгчээс хусагдсан. Оронд нь бүх юмны бүдүүн даргаар Голомтын Баясгалан гэж годгор нөхөр гозойж байгаа. Хонгил нураагүй. Хуучин хонгилын хоймроос сахал Эрдэнэбилэгийг салбайтал хөөж хатавчинд суулгаад, оронд нь Голомтоор овоглодог, гол самарч, гох дардаг Баясгалан гэж энэ нөхөр өргөмжлөгдөөд байгаа. М.Энхболдыг даган далбайж явсан энэ хүн өдгөө Баттулгын баруун гар, байдаг хэтэвч, банз шаахайн эзэн болсон.

Монгол ялна гэсээр байгаад могой гурав тасрахын дайтай хор найруулж, хов хутган байж гарч ирсэн манай энхрий хайрт, эрхэмсэг дээд, олноо орооцолдож, түмнээ төөрсөн их хаантан Баттулга хонгилыг нураагаагүй, хонгилыг улам өргөжүүлээд эзэн суусан, эндээ мөнхрөх санаатай мөнчгөрөө ажиллуулж, мөчөө савлаж байна.

Улсын дээд шүүхийг утгаар нь атгаж, улс төр бизнесийнхний хувь заяаг уушийн аягаар хэмжиж, шоронгоор айлгаж, шороор хатгаад сууж байдаг болсны тод илрэл нь Голомт банкны хуульч Батхүлэгийг Үндсэн хууль зөрчин байж Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн явдал байлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагад эрх мэдлээ бүрэн тогтоосон гэдгээ Баттулга, Баясгалан нар ийнхүү эрээ цээргүй харуулж, эрэмбэ дараагүй даналзав.

Голомтын Баясгалан өмнө нь М.Энхболдын элэг нэгт, эв хүчит анд, өдөртөө салдаггүй, шөнөдөө хагацдаггүй наалдамхай найз байсан гээд бодохоор манай хонгил маргааш ч нурахгүй нь. Ямартаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ улс орон чинь ХХБ-ны халааснаас гараад Голомтын халаас руу орж байгаа юм уу, яаж доромжилж байгаа юм бэ хэмээн мэдэгдэж байхав.

Хууль зүйн сайд Нямбаатар ч намалдаг нээхээр л үг хэллээ. Тэглээ гээд ялгуусан хүчит их хаантан, яравгар дагуулуудынхаа хамт шүлс үсрэхийн дайтай, шүгэл үлээхийн зайтай хүлээж авах уу, үгүй юу гэдэг сонин байна. Үндсэн хууль болон холбогдох хуульд зааснаар Улсын дээд шүүхэд мэргэжлээрээ 10 жил ажилласан хүн хэрэг хэлэлцэх ёстой. Өмнө нь энэ хуулийг зөрчин Ц.Элбэгдорж дотнын анд Дорлигжавыгаа Ерөнхий прокурорт нэр дэвшүүлэн нэмнээгээ зузаалсан түүхтэй. Дорлигжавын довон дээрээ томорч, довондоо бүдрэх эхлэл энэ болсон.

Гэтэл одоо Баттулга муулаад байдаг Элбэгдоржоосоо өчүүхэн ч дээрдэхгүй гэдгээ энэ мэтээр илчилсээр л байна даа. За тэгээд бүх юмны бүдүүн дарга, бүх хонгилын нарийхан дарга Голомтын Баясгалантайгаа танилц даа. Сахал Эрдэнэбилэг моодноос гарч байгаа гэж байна, цаана чинь. Хүүхдийн паркаар хөл хийж хэлд орсон, Тавантолгойн төмөр замын ажлыг тендэргүй авсан данхайж яваа дарга даа. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Улсын дээд шүүхийн шүүгч болгож, ялгуусан хүчит, яруу алдарт их хаантан Баттулгын банз шаахайд эзэн болж, балбаж занчдаг яргачин болно л гэнэ шүү.

ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.