ДЭМБ-ЫН ХАМТАРСАН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2017-05-16 Мэдээ мэдээлэл

Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар үнэлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний баг манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна.
Өнөөдрөөс Блью Скай зочид буудалд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хурал” эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэх энэ хурлаар Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баг, Монголын үндэсний зохицуулах баг хамтран үнэлгээ хийх юм. Хамтарсан үнэлгээний хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төв, Мал эмнэлэг, үржлийн газар гэх мэт салбар хоорондын байгууллагын төлөөлөл оролцож, байгууллага тус бүрийнхээ хариуцаж байгаа асуудлаар үнэлгээ дүгнэлтээ сонсгож хэлэлцүүлж байна.

Хамтарсан үнэлгээний хурлын нээлтийн ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний багийн ахлагч Грэхэм Ради нар оролцож, товч үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ “Энэ удаагийн үнэлгээний зорилго нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтэд ямар ахиц дэвшил гарсныг дүгнэж, одоо байгаа чадавхийг үнэлж, цаашид хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлон шаардлагтай санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахад чиглэгдэж байгаа юм. Ийм үнэлгээг сайн дурын үндсэн дээр хийдэг бөгөөд Ази Номхон далайн бүсийн орнуудаас 4 дэх орон нь Монгол Улс болж байна. Үнэлгээний багт зөвхөн ДЭМБ төдийгүй, НҮБ, НҮБ-ын Хүнс , хөдөө аж ахуйн байгууллага гэх мэт олон байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ хамтарсан үнэлгээ нь дотоод гадаадын мэргэжилтнүүдийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, цаашид цөм чадамжийг яаж сайжруулах тал дээр тодорхой шийдэл гаргана гэдэгт найдаж байна” гэв.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг 2005 онд Дэлхийн эрүүл мэндийн 58 дахь удаагийн чуулганаас баталж, 2007 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зорилго нь олон улс дахь өвчний дэгдэлтээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх, олон улсын худалдаа болон аялал жуулчлалаас шаардлагагүй тохиолдолд татгалзах, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалахад оршдог.

Дэлхийн эрүүл мэндийн 2012 оны чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийг дагуу нийгмийн эрүүл мэндийн үндсэн чадавхийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, сайжруулахад шаардлагатай үндэсний хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг уриалсан билээ. Үүний дараа 2015 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн техникийн удирдлагын хяналт болон үнэлгээний уулзалтаар үйл явцыг боловсруулах ба хөндлөнгийн үнэлгээ хийх арга хэрэгсэл заавар зөвлөмжүүдийг санал болгосон юм. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, мэдээлэхийг зөвлөмж болгосон. Эдгээр зорилтын хэрэгжилтийг үнэлэхдээ улс орны нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, нийгмийн эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, яаралтай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг харгалзан үздэг.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.