У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд болж, улиран томилогдлоо

2020-07-2 Парламент

Чуулганы танхимаас

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулсны дагуу ийнхүү хэлэлцэж эхэллээ.

Нэр дэвшигчийн танилцуулга:

Төгссөн сургууль, мэргэжил:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017 оноос өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий сайд бөгөөд дахин Ерөнхий сайд болох гэж байгаа У.Хүрэлсүхээс хууль журам мөрдөгддөг нийгэмд амьдармаар байна.

Сая Эрдэнэтэд нэр дэвшээд олон хүнтэй уулзаж явахад шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна. Үүнийг намын дарга, Ерөнхий сайд анхаарч ажиллаач. Намын харъяаллаар ажлаас халагдсан хоёр хүн Эрдэнэтэд байгаа. Энэ хүмүүсийг шүүхийн шийдвэрээр буцаагаад ажилд нь авах уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой гэж ойлгож байгаа. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг болохын төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий, бөөрөнхий, лоозонгийн шинжтэй зүйл би сонсохгүй шүү.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Намаа удирдаж УИХ-д олонх болсон танд баяр хүргэж. Монголын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшлаа. Эдийн засгийн сэргээх чиглэлд ямар ажил хийх вэ. Монгол Улс Хар, Саарал жагсаалтаас хэзээ гарах вэ.
Ханшийн асуудал байна. Өнөөдрийн байдлаар ханш 2,820 болж 40 хувиар суларлаа. Үүнтэй яаж тэмцэх вэ.

Төсөвт тодотгол хийх шаардлагатай болоод байна. Хэзээ хийх вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Засгийн газар байгаа боломждоо тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана. Төсвийн тодотгол хийнэ. Бэлтгэж байгаа. Саарал жагсаалтаас гарна. Хар тамхитай холбогдсон хүмүүст арга хэмжээ авсан.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Бид сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш. Ардчилсан намтай хамтарч ажиллаж байсан. Цаашид ч хамтарч ажиллах болно. Нөхдүүдийнхээ шүүмжлэлийг хүлээж авна, хүндэтгэлтэй хандана. Харин доромжлуулахгүй гэдгээ хатуу хэлье.

Ийнхүү гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт, асууж үг хэлж дууссанаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 71 гишүүн оролцож,  70 гишүүн дэмжиж УИХ-ын гишүүдийн 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. Харин дэмжээгүй нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байлаа.

Ингээд У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дахь Ерөнхий сайд болж, улиран томилогдлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.