Шинээр бүрдэх парламентад хоёр Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Мөнхцэцэг сонгогдлоо. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хуучин тойргоосоо дахин сонгогдов. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдож, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг парламентад анх удаа нэр дэвшиж, Сүхбаатар дүүргээс сонгогдлоо.
Цор ганц бие даагч ялалт байгуулав
Энэ удаагийн сонгуульд 121 бие даагч нэр дэвшсэн ч цор ганц нь ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй. Тэр бол Норовын Алтанхуяг.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшсэн бөгөөд нийт сонгогчийн 42.9 хувийн саналыг авсан байна. Түүний дараа Дархан-Уул аймаг буюу УИХ-ын 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн Тордойн Ганболд сонгогчдын 33.8 хувийн саналтайгаар бичигдсэн ч УИХ-д суух босгыг давж чадаагүй юм.
Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна
Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдсон нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэх урьдчилсан дүн гараад байна.
Дашрамд дуулгахад, Зөв хүн электоратаас Т.Доржханд, Та бидний эвслээс мөн Орхон аймагт С.Ганбаатар нар УИХ-д сонгогдоод байгаа юм.
Долоон засаг дарга УИХ-ын гишүүнээр сонгогджээ

УИХ-ын ээлжит сонгуулиар Нийслэлийн засаг дарга, Багануур дүүргийн засаг дарга болон Дорноговь, Өвөрхангай, Орхон, Төв, Өмнөговь аймгийн засаг дарга нар тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.
Тухайлбал:
- Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан
- Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандар-Очир
- Орхон аймгийн засаг дарга Д.Батлут
- Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал
- Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар
- Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболд
- Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тус тус ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуулиар нийтдээ 33 нэр дэвшигч шинээр сонгогдож байна. Тэдний дунд долоон засаг дарга УИХ-ын гишүүн болж байна.