Хавтаст хэрэгт “дөнгөлөгдсөн” нөхөд нэр дэвшиж байна

2020-05-27 Нийтлэл

Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нэрийг нь буцаах магадлалтай хэд хэдэн нэр дэвшигч байгаа талаар хөндөж байна. Тухайлбал, “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэдгийг холбогдох албадаас мэдэгдээд буй юм. Мөн Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, C.Баярцогт,  Кёкүшюзан Д.Батбаяр, “Ажнай” группын захирал Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Да.Ганболд нарын нэр дэвшигчдийн асуудал ч цахим орчинд хөвөрч байна. 

Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн 29.7-д “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан байдаг. Энэ хуулийн 29.8-г авч үзвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшихээ илэрхийлсэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамаатай заалт болж байгаа юм. Түүнд шүүхээс 2.6 жилийн ял оноож байсан юм.

Харин Н.Энхбаярын зүгээс “Надад шүүхээс сонссон авлига албан тушаалын хэрэг байхгүй.  Учир нь 2012 оны  Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайлбал, тогтоолын хоёрдугаар хэсэгт “ТВ-9” телевизтэй холбоотой маргаан, МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэх асуудал,  “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх албан тушаалын хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон. Энэ шийдвэрийг тэгээд ч анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулсан байдаг.  Тэгэхээр ямар нэгэн албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр шийтгэгдээгүй учраас өнөөдөр надад нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг” хэмээн мэдэгдэж байв.

Гэвч үүсээд буй нөхцөл байдал арай л зөрүүтэй болж байна. Тэгэхээр холбогдох хуульд заасны дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол нэр дэвшихийг хориглож байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдэгдсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл лавлагааны төвөөс гаргадаг. Харин Сонгуулийн ерөнхий хороо энэ лавлагааг үндэслээд тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс эл асуудлын учрыг дээрх хоёр байгууллага тайлж, энэ хүний хувь заяаг хаашаа эргүүлэхийг мэднэ.

Харин Сонгуулийн тухай хуульд хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа хүнийг нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр шалгагдаж байгаа нэр дэвшигч сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн үг юм. Гэхдээ Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, C.Баярцогт зэрэг нэр дэвшигчидтэй холбогдох шүүх хурал сонгуулиас өмнө болохоор товлогдоод байгаа. Хэрвээ шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоовол нэр дэвших боломжгүй болно гэсэн үг юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.