Банкуудад байршсан НДС-гийн мөнгөн хөрөнгийг Монголбанк чөлөөлнө

2020-04-29 Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийв. Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тогтоолын төслийн талаар танилцууллаа.

Тогтоолын төсөл батлагдсанаар цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад үүсээд буй эдийн засаг, санхүүгийн эрсдлийг бууруулж, эрх зүйн тодорхой байдлыг бүрдүүлж, зах зээлд эерэг дохио болно хэмээн танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн уг тогтоолын төсөл батлагдсанаар холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх эрх зүйн хэрэгцээ шаардлага тодорхойлогдон, төрийн байгууллагаас санхүүжилт олгох, арга хэмжээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдэнэ. Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан банкны салбарт түр хугацаанд мөрдөгдөх зарим хууль тогтоомжийн төслийг боловсруулах боломж бүрдэх юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тогтоолын төсөлд “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлнө” гэсэн байна. Банканд байршуулсан НДС-гийн мөнгөн хөрөнгө хэд байгаа юм бэ. Мөн банканд байгаа үнэт цаасыг чөлөөлөх асуудал тусгагдсан байсан. Үүнийг тодруулж асууя.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Банкуудад нийгмийн даатгалын сангийн 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа. Энэ 700 тэрбум төгрөгийг Монголбанк тодорхой бонд гаргаад банкуудаас худалдаж авъя гэж байгаа юм. Ингэснээр банкуудад байгаа мөнгөний эргэлтийг дэмжих арга хэмжээ болно.

Хоёр дахь асуудлын тухайд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудал байгаа. Өөр ямар нэгэн үнэт цаас чөлөөлөх асуудал огт биш юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Банкны эздэд хэдэн төгрөг өгөх бодлого л яваад байна гэж харж байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг банкуудад аваачиж тавиад, одоо чөлөөлөх асуудал яригдаж байгаа юм бишүү. Чоно борооноор гэдэг шиг коронагаар далимдуулж банкны захирлуудыг мөнгөжүүлэх асуудлыг Засгийн газар дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Энд банкийг дэмжсэн зүйл байхгүй. Эсрэгээрээ банкууд коронавирусийн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлаад төрөөс таван хувийн дэмжлэг үзүүлэх юм бол 500 сая хүртэл дүнтэй зээлүүдийг гурван хувь буулгаж ашиггүй ажиллая гэж байгаа. Банкны дундаж зээлийн хүү 15.3 хувьтай, бусад жижиг зээлүүд нь 16-20 хувьтай байгаа. Нийтдээ найман хувийн зээлийн хөнгөлөлтийг зээлдэгч нарт нь өгч байгаа юм. 1.1 сая зээлдэгч байгаа. Нийт зээлдэгчдийн 99.8 хувьд нь үйлчлэх тогтоол юм.

Түүнчлэн Засгийн газраас бүх ААН-үүдийн НДШ-ээс чөлөөлсөн. Тэгэхээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ онд 800 орчим тэрбум төгрөгөөр буурна. Тиймээс НДС-гийн эх үүсвэрийг банкууд дээр байршуулаад, “Эрдэнэс Монгол” компанийн бондыг авсан байсныг нь Монголбанк үүнийг чөлөөлж өгье гэсэн санаа. Зах зээл рүү зээл гаргах зорилготой.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч н.Ган-Очир: Цар тахлын үед банкны салбарт маш их хүндрэл бий болж байгаа. Одоогоор 2.6 их наяд төгрөгийн зээлийн доголдол үүсээд байна.

Тиймээс зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ажил хийгдэж байгаа. Үүнээс болоод банкуудын мөнгөн урсгал зогсож, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар дээр хүндрэл үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болоод байна.

Тиймээс банкуудын үнэт цаасыг Төв банк худалдаж аваад түүний дагуу банкуудад мөнгөн хөрөнгө өгснөөр зээл гаргах, санхүүгийн зуучлалын цаг тухайд нь гүйцэтгэх орон зай бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Баталгаажсан үнэт цаасыг Төв банкны тухай хуульд нийцүүлэн худалдаж авснаар үүсээд буй зогсонго байдлыг шийдвэрлэнэ.

Ийнхүү уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.