Яармагийн гүүрийг түр хаана

2017-05-6 Нийслэл
 Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр /2017.05.06/ түр хаана.

Тодруулбал өнөө өглөөний  10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус гүүр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ашиглах ёстой аж. Гэвч  БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах  Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм байна.

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн байна. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээжээ.

Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж,  “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.