Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар дэмжлээ

2020-01-29 Парламент

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Уг тогтоолын төсөлд Уул уурхай, хүнл үйлдвэрийн яамны бүтцэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Үндэсний геологийн албыг шинээр байгуулахаар тусгажээ. Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв /ТӨҮГ/, Геологийн төв лаборатори /ТӨҮГ/ нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллах юм байна.

Үндэсний геологийн алба байгуулснаар тус салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангаснаар ажлын чанар сайжирч цаашид томоохон ордуудыг улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж дагалдах хот суурингуудыг байгуулах боломжийг бүрдэнэ. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийн геологи орчинг судлах, эрдэс баялгийн нөөцийг бүрдүүлэх, хүн амыг таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын хзрэгжилтийг давхардалгүйгээр, үргүй зардал багатайгаар, харьцангуй хэмнэлттэй арга замаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдээс гаргасан саналын дагуу тус албаны чиг үүрэг, зохион байгуулалттай холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов. Байнгын хорооны гишүүдээс тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын ИХ Хурлын гишүүн С.Бямбацогт төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Хуучнаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын (Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий) хилийн цэсийг баталсныг Улсын Их Хурлын 1994 оны 33 дугаар тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгож өөрчилжээ.

Сүүлийн жилүүдэд төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр гарах болсон байна. Энэ нөхцөл байдал нь аймгийн төвүүдийн хөгжил, цаашид үйлдвэрлэл, үйлчилгээний болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, газрын нэгдмэл сангийн тооллого, газар ашиглалтын бүртгэл мэдээллийг үнэн бодитой бүртгэх, хөтлөх ажилд хүндрэл учруулах болжээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал 1977 оноос эхлэн яригдаж, өнөө хүртэл шийдэгдээгүй явж иржээ. Иймээс Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудын төвийн сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахтай холбогдсон үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргаж, зохих саналуудаа ирүүлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.