Сайжруулсан түлшийг картгүй иргэнд олгохгүй

2019-12-2 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр хуралдсан Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар ийнхүү шийдвэрлээд байна.

Тэрбээр хуралдааны төгсгөлд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 1-нээс эхлэн картгүй иргэнд сайжруулсан түлш борлуулахгүй байхыг” үүрэг болгосон юм.

Мөн “Тавантолгой түлш” компанийг төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсэнд тавих хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 20.6251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар шахмал түлш худалдан авсан бол 11 сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн 10 дугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол 11 дүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарчээ.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.