Тойргийнхоо оюутнуудыг гэртээ байлгаараа, Ж.Мөнхбат гишүүн ээ

2019-10-25 Нийтлэл

Сонгуулийн анир ч юм уу, зарим нэг гишүүд тойргийнхоо хэдийг тойглоно гэхэд арай л “бадрангуй” авирлах болж. Тэдэнд саарал жагсаалтад орсон улс орны эдийн засгийн байдал хамаа ч алга. Өөрөө л төрийн ордонд дахин заларч байвал юу ч хийхээс үл буцахаар шийдвэр гаргаж сууна. Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ оны болон ирэх жилийн төсөвт өөрийн тойргийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын нийслэлд суралцдаг оюутнуудад зориулж улсын төсвөөс есөн тэрбум төгрөгөөр байр барьж өгөх гэнэ. Тэрбээр албан тушаалаа ийнхүү ашиглаж, татвар төлөгчдийн мөнгөөр ингэж хүйтэгнэх нь хэр зохистой үйлдэл вэ. Хэн хүнээс илүүтэй шударга ёс, зарчим ярьдаг түүний хувьд арай л шог уу …

Үнэхээр орон нутгийн оюутнуудыг байраар хангаж, асуудлыг шийдэе гэж байгаа бол хүний олон үрийг алаг үзэхгүй бултаар нь эл асуудлыг цэгцэлмээр юм. Ядаж л нийслэлийн замын түгжрэл, газрын асуудлаа бодсон ч хотоос гадна Налайх дүүрэгт ч юм уу орон нутгийн оюутнуудын хотхон босговол нүдээ олсон шийдэл болно. Түүнээс ганц гишүүн ингэж ганцаарчилсан тоглолт хийж, ялангуяа төсвийн мөнгөөр нэг тойргийнхныг “жаргаамааргүй” байна. Тойргийн оюутнууд чинь үнэхээр нийслэлд орох оронгүй болсон бол гэртээ байлгаараа, Ж.Мөнхбат гишүүн ээ. Татвар төлөгч бидний мөнгөөр ингэж “ялсан баатрын” дүрд тогломооргүй байна шүү. Бусад орон нутгийн оюутнууд ч гэсэн амьдрах байрандаа санаа зовохгүй тайван сайхан сурч, боловсрох эрхтэй биз дээ.

О.ГЭРЭЛ

 

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.