Нийслэлд жишиг болсон “Нүхэн гарц” Энх тайвны өргөн чөлөөнд цогцолжээ

2019-10-8 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан нь олны талархалыг хүлээж байна.

Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан юм.

Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш энэ байдал үгүй болж, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага зүй зохистойгоор ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ulaanbaatar public art week” арга хэмжээний хүрээнд гаргаж байгаа зураач Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг энэхүү нүхэн гарцанд дэлгэж иргэд, олон нийтийн хүртээл болгоод байна.

Гэрэл зурагт Улаанбаатар хотын өнөөгийн нийгмийн аж байдлыг харуулжээ. Ингэхдээ “Баянхошууны зун” гэрэл зургаар гэр хорооллын нэгэн айлын хашаанд зун ямар налгар, тайван, гэр бүлээрээ аз жаргалтайгаар өнгөрдгийг, “Гурвал” зургаар энгийн, тайван оршихуй айл гэрийн элгэмсүү байдлаар харагддаг гэдгийг нүдэнд харагдаж, сэтгэлд буухаар гэрэл зургийн хальсанаа буулгасан гэдгээрээ онцлогтой юм.

Анх 1988 онд энэхүү нүхэн гарцыг барьж байсан ч өдийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгээгүй, таазнаас нь ус шүүрдэг, ус зайлуулах худгийн шахуурга ажиллагаагүй болсон, оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй атал иргэд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм.

Харин өнөөдөр ийнхүү нийгэмд эерэг хандлага түгээх, олон нийтийн үйл ажиллагаа зохиох, уран бүтээлчид үзэсгэлэнгээ дэлгэж, их хотын иргэд, оршин суугчдад хотын соёлыг түгээж, гоо зүйн боловсрол олгох зэрэг олон өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болоод байгаа талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.