Ёс зүйн дэд хороо Ө.Энхтүвшин гишүүний асуудлыг хэлэлцэнэ

2019-09-16 Парламент

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, УИХ-ын гишүүний ёс зүйн талаар хэлэлцэхээр товлоод байгаа юм. Ёс зүйн асуудлыг нь хэлэлцэх гэж байгаа УИХ-ын гишүүн нь Ө.Энхтүвшин сайд юм байна. Учир нь, Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл батлах үеэр сайд нарын картыг сугалж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Ө.Энхтүвшин гишүүн танхимынхаа сайд нарын картыг сугалж авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзсэн учраас ийнхүү түүний асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Гэхдээ Ө.Энхтүвшин сайд чуулганы хуралдааны төгсгөлд яагаад сайд нарын картыг сугалж авснаа тайлбарласан юм. Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. 30 шахам жил яваагүй энэ асуудлыг явуулах гээд байгаа юм. Азийн хөгжлийн банк санхүүжилтэд нь зориулж 30 сая ам.доллар өгөх гээд манай энэ  шийдвэрийг хүлээгээд байгаа юм. Үүнд ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. 30 жил яваагүй юмыг явуулъя л гэж байгаа юм. Яагаад гэвэл, та бүхэн үүнийг шийд гэж л намайг сайд болгосон шүү дээ. Сайд нарын картыг сугалсан нь үүнтэй холбоотой юм шүү. Засгийн газар бэлэн төслөө өргөн мэдүүлчихсэн байхад хэлэлцэхгүй гээд эсэргүүцсэн учраас ийм үйлдэл гаргалаа” гэсэн юм

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.