Ард нийтийн санал асуулга явуулахад 29 орчим тэрбум төгрөгийн урьдчилсан төсөв гарчээ

2019-09-9 Парламент


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.09.09/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарчээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд тодруулга авлаа.

Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Засгийн газрын хувьд хуулийн болон бодит хөрөнгийн эх үүсвэр бий болгох асуудал үүсч байна. Засгийн газрын нөөц нь ямар тохиолдолд гаргах вэ гэдэг нь тодорхой хуультай. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын нөөц санал асуулга явуулахад хүрэлцэхгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН “Санал асуулгыг аравдугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар тусгажээ. Энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангах боломжтой юу. Засгийн газраас тайлбарлаж буйгаар бол санхүүжилт, эх үүсвэр байхгүй гэж байна. Тэгэхээр хугацааг хойшлуулах боломж бий юу. Мөн санал асуулга зохион байгуулахтай холбоотойгоор зохион байгуулалт, хэсгийн хороодыг байгуулах, түр оршин суугчид, оюутнуудыг саналыг яаж авах вэ. Энэ зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ” гэсэн байр суурь илэрхийллээ.

Харин эл асуудалд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.СОДНОМЦЭРЭН “Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулж аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой” хэмээв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна…

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.