УИХ-ын гишүүн Засгийн газарт ажиллахыг хориглоно

2019-08-9 Парламент

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өчигдөр буюу энэ сарын 08-нд хуралдав.

Ажлын багийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм. Ажлын багийн хуралдаанаар УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулсан зөвшилцлийн ажлын багаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулга, саналын томьёололтой танилцлаа.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Зөвшилцлийн ажлын баг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болно хэмээн үзсэн байна. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа аж.

Тодруулбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэх саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцлийн ажлын баг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгасан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг хэвээр нь үлдээж буй юм.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэнийг Төрийн нарийн бичгийн даргаар 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн ажлын багийн саналын дагуу хассан байна.

Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” хэмээн найруулжээ. Улмаар “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан ажлын багийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэхэд анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Түүнчлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолжээ.

Хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг өнөөдөр хуралдах зөвшилцлийн ажлын багт танилцуулах аж. Улмаар энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд баг болон төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг дахин хуралдаж, саналын томьёоллыг эцэслэх юм. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.