Олон улсын худалдаа логистикийн төв рүү иргэд өөрсдөө ирдэг болно

2019-07-25 Нийслэл

Олон улсын худалдаа логистикийн төв рүү албадан ирүүлдэг биш өөрсдөө ирдэг байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-д холбогдох албаны төлөөллийн хамт ажиллаж, зарим тулгамдсан асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэх чиглэл өгөв. Хотын Захирагчийг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагууд хүлээн авч, компанийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

“Анх 2014 онд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нэртэйгээр ашиглалтад орсон. Нийт 130 га газартай ч одоогоор 20 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Яг одоо манай зогсоолд 2600 автомашин байна. Компани 27 ажилтан, албан хаагчтай. Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үе шаттай хэрэгжиж байгаа” гэж “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад хотын Захирагчид танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ компанийн үйл ажиллагааг зөвхөн автомашин худалдахаар хязгаарлах биш энэ төрлийн цогц үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх талд анхаарч ажиллаж байна. Иймд дэд бүтцээ богино хугацаанд татаж шийдэх ёстой. Шугамын ажлууд хийгдээд явж байна. Мөн энэ хэсгийг тойрсон авто замын ажлуудыг ирэх жил эхлүүлнэ. Авто тээврийн төвтэй ярилцаж, өмнө нь энд үзүүлдэг байсан үйлчилгээнүүдийг сэргээх асуудал байна. Мөн энэ төвийн эргэн тойронд төлөвлөлтгүй олгогдсон газруудыг дахин аж ахуйн нэгжүүдийнх нь  оролцоотойгоор хуулийн хүрээнд төлөвлөлттэй болгоно. Энэ бүсийг дагаад орон сууцны хотхонууд, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд бий болох ёстой. Хотын төвөөр энд тэнд эмх замбараагүй байгаа авто худалдааны төвүүдийг энд хүчилж авчирдаг биш үйлчилгээний чанар, ая тухтай орчин нөхцөлөөр нь татан ирүүлэх, иргэдийг зөв мэдээллээр хангах асуудал чухал байна” хэмээлээ.

Мөн энэ үеэр хотын Захирагч “Олон улсын худалдаа логистикийн төв”-д хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон худалдан авалт хийхээр ирсэн иргэд, олон нийттэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонсож, цаашид төвийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зүйтэй талаар саналыг нь сонсов.

Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Алтанхундага, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн удирдлагуудын хамт Төвийн орчин тойрны бүсээр явж, Нийслэл, дүүргийн газрын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар хамтран энэ орчимд эмх замбараагүй, төлөвлөлтгүй олгогдсон бүх газруудын мэдээллийг нягтлан гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.