Үндсэн хуулийн ажлын хэсэг хуралдав

2019-07-5 Парламент

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсэг хуралдав.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх талаарх төслийн заалтыг өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол, мөн төслийн энэ заалттай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж үзээд түр хойшлуулсан бол төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 хэсгийн 1 дэх өгүүлбэрээс “тогтолцоо” гэснийг хасах  зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн байна.  Мөн Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхын саналаар батална” гэснийг “олонхын саналаар хуулийг бүхэлд нь эцэслэн батална” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдэв.

Харин Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх өгүүлбэрийг “Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхээр тогтлоо. Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “тавин тав” гэснийг “тавин” гэж өөрчлөхөөр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, ажлын дэд хэсэг дээр дахин ярилцаж шийдэхээр тогтжээ.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг эцэслэн хэлэлцэж нягталж шийдвэрлээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.