Ч. Улаан сайдын ураг төрлийн засаглал

2019-06-26 Нийтлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан харин ч ичих нүүргүй “хоёр нутагтан” шиг улс төрийн нүүдэл хийдэг эр. Хаана түүнд хожоотой байна. Тэнд Ч.Улаан сайд тогтносоор иржээ. Түүнийг хууль бус үйлдлээ хүлээж улайдаггүй гэдгээрээ зартайг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. МАН-аас урваж МАХН руу гүйгээд шанд нь Сангийн сайдын суудлаар мялаалгасан. Бас болоогүй шинэ эхнэрийнх нь дүү О.Даваасүрэнг Гаалийн байгуууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж чадсан сүйхээтэн.

МАХН эвдэрч доройтох цагт сайдын суудалд санаархан, эргэн МАН-д дагаар орсон. Тэгэхдээ бас л албан тушаалын болзол бооцоотой хөдөлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний эхнэрийн талын хамаатнууд Ч. Улаан сайдыг уудаг цаас мэт ашиглаж, хүссэн албан тушаалдаа хүрч, хүчээ авахад хүргэн хүүгийн хүч оролцоо их ээ. Ч.Улаан сайдын ураг төрөл нөлөө бүхий төрийн албадуудад хэрхэн төвхнөснийг төвөггүй мэдэж болно.

Нэг. Ч.Улаан гишүүний урвалтын шанд нь МАН шинэхэн эхнэр Оросоогийн Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэнг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилжээ.

Хоёр. Оросоогийн Оюун-Эрдэнэ нь Ч.Улаан сайдын зөвлөхөөр ажилладаг.

Гурав. Оросоогийн Баасансүрэн Төрийн банкны дэд захирлаар ажилладаг.

Дөрөв. ГЕГ-ын дарга асан, Замын -Үүдийн Гаалийн газрын дэд дарга асан Оросоогийн Даваасүрэн ямар ч тендер шалгаруулалтгүйгээр мал хөлөөр нь гаргахаар завдаж байсан гэх. Ямартай ч олон нийтийн эсэргүүцэл энэ үйлдлийг зогсоосон хэмээн цахим ертөнцөөр нэг хэсэг шуугиад өнгөрсөн.

Ийнхүү одоогоор олны нүдэнд ил байгаа сайдын сэтэртнүүд ийм байна. Түүнтэй холбоотой бас нэгэн шуугиан дэлгэхэд Өмнөх Засгийн газарт ажиллаж байх хугацаанд нь эхнэрийнх нь нэр дээр байдаг Сүвэн-Уул компанийн нэр дээр 12 тендер хууль бусаар олгосон гэсэн мэдээлэл гараад тэгэсхийгээд замхарсан. Ямартай ч Улаан сайд улсын ажлыг аль ч Засгийн газрын үед ураг төрлийн ашиг сонирхолтой бат барилдуулж ажилладаг гэдгийг учир мэдэх хүмүүс нь цайны хачир хийж суудаг юм билээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.