БОАЖЯ үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг байна

2019-06-6 Нийтлэл

 

БОАЖЯ нь ном журмынхаа дагуу бол батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч ажиллах ёстой. Энэхүү хязгаарыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байдаг. Гэвч өнөөдөр тус яаманд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 149 хүрээд байгаа нь Засгийн газрын тус тогтоолыг зөрчиж, 28 албан хаагчийн зөрүүтэй ажиллаж байгааг илтгэж байна. Дарга нар ч “шахаа” сайн хийж байгаа нь харагдаж буй хэрэг.

Тэгэхээр яамны удирдлагууд энэхүү илүүдэл 28 ажилтныхаа цалинг хэрхэн, ямар эх үүсвэрээс тавьсаар ирэв гэдэг асуудал зүй ёсоор тавигдах ёстой. Түүгээр зогсохгүй хууль бус томилгоотой буюу “шахааны” 45 албан хаагч тус яам болон харьяа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байжээ.

Мэдээж эдгээр дээрээс шидэгдсэн чулуунууд хэн хүнээс ч илүү эрх мэдэлтэй. Наанадаж л, төрийн албаны шалгалт өгсөн ганц хүн байхгүй төрийн албан хаагч гэсэн сэтрийг хээв нэг эдэлж явж. Мөн Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон байх жишээний. Энэ мэтчилэн тус яамны холбогдох сэтэртнүүд өөрийн гар хөлийг ямар л бол ямар аргаар албан тушаалд шургуулж, төрийн онцгой газрыг хар зах шиг эдэлж байжээ. Ядаж л хүний нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх юм. Мөн Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримтлаагүй, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилсон гээд бүх л төрлийн муу муухай бүхэн энд л байна. Түүнчлэн тангараг өргүүлсэн, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг зөрчил ч тус яаманд илэрчээ.

Тухайлбал, тус яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилжээ. Эдгээр 22 ажилтнаас нэгээс бусад 21 иргэнийг төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдүүлгийг аваагүй аж. Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэлээр төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нь тогтоогджээ.

Энэ мэтчилэн албан тушаалаа хууль бусаар ашигладаг тус яамны дарга нарын энэхүү айхтар “буглаа”-г Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд олж илрүүлсэн хэрэг. Тус зөвлөлийнхөн өнгөрөгч сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шалгалтаа эхлүүлжээ. Ийнхүү шалгалтын дүнг зургадугаар сарын 4-нд яамны удирдлагад танилцуулж, салбарын сайдыг дээрх илэрсэн зөрчлийг долдугаар сарын 09-ний дотор арилгаж, Төрийн албаны зөвлөлд тайлагнаж мэдээлэхийг үүрэг болгоод байна. Одоогийн байдлаар тус яамныхан үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт л “шахааны” хэдээ хэрхэн цэгцлэхээ сүвэгчилж суугааг ойрын эх сурвалжууд хэлж буй юм.

 

 

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.