Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 300 гаруй автомашины зогсоолтой болно

2019-05-20 Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав.

Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдгийг мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм.

“Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.

Эхнийх нь Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж, бүтээн байгуулалт өрнүүлнэ

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ.

Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна.

“Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн.

Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хотын ерөнхий төлөвлөгөөний талаар холбогдох газруудтай хэлэлцэж, Яармагийн шинэ төлөвлөлтөд ямар асуудал тулгамдаж байгааг, бүтээн байгуулалтыг хэрхэн урагшлуулах тухай ярилцав.

Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулах болно. Тиймээс салбарын яамдтай хамтраад шийдэх шаардлагатай асуудлаа яаралтай шийдээд, ажлаа явуулах хэрэгтэй. Яамнаас олгосон газар гээд хотын ерөнхий төлөвлөлттэй уялдахгүй байж таарахгүй.

Ирэх долоо хоногт хотын удирдлагууд Яармагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Хот төлөвлөлтийн бодлогыг зөрчөөд байвал тусгай зөвшөөрөлтэй нь ярина” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.