Бүлэг нь тарсан ч Я.Санжмятав УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй

2019-05-16 Парламент

Чуулганы танхимаас

Бүлэг нь тарсан ч Я.Санжмятав УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй

УИХ-ын тухай хуульд заасны дагуу парламентад найм болон түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй болдог. Мөн бүлгээсээ нэг гишүүнийг УИХ-ын дэд даргаар сонгодог. Харин бүлэг тарсан тохиолдолд тухайн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга чөлөөлөгддөггүй юм байна.

АН-ын бүлэг тарсан ч тус бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр хэсэг хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааныг даргаллаа. Энэ үед нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бүлэггүй хүн дэд дарга хийж болдог юм уу” гэхэд Я.Санжмятав дарга “Хуулиараа УИХ-ын дэд даргаар сонгогдсон шүү, Хүрэлбаатар аа. Ингэж хүн доромжилж болохгүй шүү, чи” хэмээн бухимдсан юм. Түүний ийнхүү бухимдах нь аргагүй ажээ. Учир нь, бүлэг бус зөвхөн нам, эвсэл нь тарсан тохиолдолд тухайн нам, эвслийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга албан тушаалаасаа чөлөөлөгддөг байна. Үүнийг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар зохицуулжээ.

12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.