С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргана

2019-05-16 Нийтлэл

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болжээ. Энэ талаар өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан мэдээлэв.

ОУПХ-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо өчигдөр буюу энэ сарын 15-нд Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрийг ил болгохоор тохирчээ.

Түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй гурван хүнтэй уулзах хүсэлтийг ОУПХ-ны шинжээчид ирүүлсэн. Түр хорооны гишүүд ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ, УЕПГ-ын удирдлагуудтай ярилцаж, шинжээчдийг хэрэгтнүүдтэй уулзуулах боллоо. С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа хуулийн байгууллагууд олон иргэнийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл ирэх боллоо. Тиймээс иргэдийг 267155 дугаарын утсаар холбогдох, эсхүл Түр хорооны гишүүдтэй биечлэн уулзаж, гомдол, мэдээллээ өгөх боломжтой” гэв.

Түүнчлэн тэд “Монгол Улсын хуулиар аливаа шүүхийн шийдвэр холбогдогч этгээд болон тэдний өмгөөлөгчийн гар дээр шууд очих ёстой байдаг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Амгаланбаатартай холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг Тагнуулын байгууллага нууцын ангилалд авч ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорын байгууллагатай ярьсны үр дүнд Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гурван шатны шүүхийн шийдвэрийг холбогдох этгээдүүдэд өгөх хүсэлт өгсөн. Үүний дагуу Ерөнхий прокурорын орлогч гурван шатны шүүхийн шийдвэрийг ил болгохоо амласан. Гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцалж байсан түүх Монголоос өөр хаана ч байхгүй. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял аваад байгаа гурван иргэнтэй Олон улсын парламентын холбооны шинжээчид уулзах хүсэлт тавьсан. Хүний эрхийн байгууллагаас мөн уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байсан. Харин Түр хорооны хүсэлтийн дагуу уулзуулах болсон. Олон улсын парламентын холбооноос тавьж байсан хоёр хүсэлтийг биелүүлэх нөхцөл хангагдсан учраас Монгол Улсад ирж болно гэсэн албан бичгийг Их хурлын даргаар дамжуулан явуулж байна” гэдгийг онцолж байсан юм.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.