Томуугийн бэлэн байдлыг өвөл бус зунаас хангаж эхэллээ

2019-05-15 Мэдээ мэдээлэл


Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт” энэ сарын 15-ны өдөр боллоо. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар товч үг хэллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай орны хувьд хүйтэн сэрүүний улирал, агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчин дэгдэлт хэлбэрээр гарч хүүхдийн эмнэлгийн ор, эм хүрэлцэхгүй болж, эмч сувилагчдын ачаалал эрс нэмэгддэг дүр зураг давтагдсанаар нилээд хэдэн жил болж байна.

Тухайлбал 2018-2019 оны томуугийн улирлын оргил үед нийслэлийн хүүхдийн тасгийн 977 орон дээр 1700 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 74 хувиар хэтэрч байсан ч нэмэгдэл ороор хангах, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх, зарим эмнэлгийг зөвхөн хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг засгийн нөөц хөрөнгөнөөс олгох, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг олон арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлсний үр дүнд хохирол багатайгаар даван туулсан. Мөн томуугийн улирлыг угтуулан 125 мянган хүнийг (тун томуугийн) вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан нь нийт хүн амын зөвхөн дөрвөн хувийг хамруулсан. Гэвч ДЭМБ хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байгаа. Иймээс бид энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралд танилцуулан 1,4 сая хүн/тун вакцинд шаардагдах 10,0 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна.

Өнөөдрийн энэ зөвлөлдөх уулзалт нь өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн онцлог, сургамж, бэрхшээл, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж ирэх томуугийн улирлыг угтуулан авах арга хэмжээг олон салбар хамтран төлөвлөж, бэлэн байдлаа эртнээс ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Улирлын томуугаас гадна бидний байнга анхаарч байх асуудал бол томуугийн цартахал бөгөөд 2018 онд ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүстэй хамтран томуугийн “Пан стоп” ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөж байна. Мөн энэ оны наймдугаар сард ДЭМБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн томуугийн үндэсний төвүүдийн 13 дугаар зөвлөгөөнийг манай улсад анх удаа зохион байгуулахаар боллоо. Энэ зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ болон миний бие бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” гэв.

Харин дараа нь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “Томуу нь түгээмэл өвчин боловч олон салбар, нийгмийн бүх давхаргыг хамарсан цогц, ужиг асуудал юм. Panstop томуугийн дасгал сургуулилтаас гарсан нэг чухал дүгнэлт нь томуугийн бэлэн байдлын төлөвлөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудлыг тусгасныг онцолсон. Томуугийн улирлыг угтуулан салбар хоорондын харилцан хамаарал, нийгэм, эдийн засаг, орчин, хүн ам зүйн гэх мэт олон хүчин зүйл, үр дагаварыг судалж өнөөдөр цогц байдлаар хэлэлцэж байгаа нь эрүүл мэндийн салбарын удирдлагын манлайллыг илтгэж байна. ЭМЯ дасгал суруулилтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байна. Тухайлбал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны журмаа шинэчилж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг анх удаагаа олон салбар, иргэд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.

Мөн энэ үеэр “Номхон далайн баруун бүсийн томуугийн цар тахлын бэлэн байдал” сэдвээр ДЭМБ-ын зөвлөх Масаяа, “Монгол орны улирлын томуугийн тархвар зүйн онцлог, сургамж” сэдвээр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар үндсэн илтгэл тавьлаа. Түүнчлэн “Томуу, томуу төст өвчний эмнэлзүйн онцлог” сэдвээр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид, “Томуугийн үеийн эмнэлэгийн бэлэн байдал” сэдвээр УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх, “Гамшгаас хамгаалах хууль эрх зүйн шинэчлэл, төлөвлөлт” сэдвээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн нар мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд “Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний шинэчилсэн төсөл”-ийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулж, уулзалтад оролцогчид энэ төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд бүлгээр ажиллаж санал бодлоо тусгалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.