Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжлээ

2019-04-17 Парламент

Байнгын хороо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичгийг хэлэлцэж, дэмжлээ.

Албан бичгийг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “2017 онд баталсан Эрүүгийн хуулийг шүүмжлэх хүн олон байдаг ч энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэргийн гаралт 40 хувиар буурч, хохирлын эргэн төлөлт сайжирсан зэргээс эхлээд олон давуу тал бий болсон” хэмээв. Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээл байгаа эсэхийг тодруулав.

Нэр дэвшигч С.Алиманцэцэг, “Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэрхшээл тулгарч байсан. Авлигал, хүрээлэн буй орчин, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэргээр хуулийн гол үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Хууль, хяналтын байгууллагад үүссэн шударга бус байдлыг таслан зогсоох, ажлыг сайжруулах чиглэлд ямар бодлого баримтлахыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигчдээс тодруулав. Мөн уул уурхайн гэрээ, хэлцэлтэй холбоотой эдийн засгийн томоохон хэргүүдийг шийдвэрлэхийн тулд ямар ажил өрнүүлэхийг асуулаа.

Нэр дэвшигч М.Чинбат, “Хуулийн байгууллагын шинэчлэлийг прокурорын байгууллага зөв мэдэрч ажиллах ёстой. Өмнө нь гажуудаж байсан тогтолцоог шинэчлэх цаг болсон байна. Эдийн засгийн гэмт хэрэг бол хууль, хяналтын байгууллагын өмнө тулгамдсан том асуудал. Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхийн тулд прокуроруудаа сургах, хуулийн зөрчлийг арилгах чиглэлд хууль тогтоох дээд байгууллагатай хамтран ажиллах ёстой” хэмээв.

Нэр дэвшигч С.Алминцэцэг, “Авлигал, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс эхлээд олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх ёстой. Прокурорын байгууллагад эдийн засгийн болон авлигалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд залуу прокуроруудаа мэргэшүүлэхэд анхаарах цаг болсон” гэв.

Прокурорууд сэжигтнийг яллах бус хүний эрхийг хамгаалах, хэргийг үнэн зөв шийдвэрлэдэг байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан дурдлаа. Түүнчлэн сэжигтнийг яллахаас гадна цагаатгах боломжийг эрэлхийлж, хүний эрхийг хамгаалахад идэвх зүтгэл гарган ажиллахыг нэр дэвшигчдэд захив.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтлоо. Нэр дэвшигч М.Чинбатын талаар тодруулж байна.

Максимын Чинбат нь:

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор

1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч

2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор

2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор

2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор

2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор

2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор

2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор

2012-2014 онд “МИАТ” ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга

2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор

2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор

2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор

2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор

2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.