Р.Дагва НИТХ-ын даргаар сонгогдож, бүлгийн даргыг суудал эзгүйрэв

2019-03-1 Нийслэл
Р.Дагва: Цаашдаа НИТХ-ын үйл ажиллагаа сайжирна гэдэгт итгэлтэй байна

НИТХ өчигдөр орой 22.00 цагийн үед шинэ даргаа сонгосон. МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсний дагуу НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонголоо. НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч удахгүй нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.

Зарим төлөөлөгчдийн ярьж буйгаар тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгох гэж төлөөлөгч нар санал зөрөлдөн шийдэлд хүрэхгүй байсан нь Р.Дагва, Ц.Байгалмаа нарын тохиролцох шалтаг болсон гэв. Учир нь тэд 20 гаруй минут  тооллогын комисст оруулах төлөөлөгчдийн талаар ярилцсаны эцэст Ц.Байгальмаа нэрээ татсан юм.

НИТХ-ын шинэхэн дарга албан тушаалаа хүлээж авсныхаа дараа “НИТХ-ын хуралдаан бол чухал. Сөрөг хүчин болон зарим төлөөлөгч маань НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Цаашдаа бид энэ байдлаас засаж, нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуралдсан шиг хуралдаж төлөөлөгчид нь эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлж хурлынхаа үйл ажиллагаанд тогтмол, жигд оролцож, хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Ялангуяа НИТХ доторх намын бүлгүүд хурлын үйл ажиллагааг жигд, тогтмол явуулахад хариуцлагатай хандах байх гэдэгт итгэлтэй байна. НИТХ-ын төлөөлөгч өөрийгөө болон бусад төлөөлөгчөөс хэнийг ч албан тушаалд нэр дэвшүүлэх эрхтэй. Ц.Байгалмаа төлөөлөгч маань НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр саналын хуудаснаас нэрээ татаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Би танд талархаж байна. Таны ажил, амьдрал, гэр бүл, үр хүүхэд, тантай холбоотой бүх зүйлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.