УИХ дахь АН-ын гишүүд зөвлөл байгуулж ажиллана

2019-02-12 Нам хөдөлгөөний амьдрал

 

Засгийн газрыг огцруулах асуудлаар бүлгийнхээ байр суурийг баримтлаагүй гэдэг шалтгаанаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт АН улс төрийн хариуцлага тооцсон. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас гарахаа мэдэгдээд байгаа билээ. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс хаврын чуулганы эхэнд Л.Болд гишүүний өөрийнх нь хүсэлт, АН-ын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн АН-ын бүлгээс гарах хүсэлтийг нь биелүүлж, албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр шийджээ. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүд хуульд заасан бүлэг байгуулах босго тоонд хүрэхгүй болж байгаа тул цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон байна.

Ийнхүү АН байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойшхи 27 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа УИХ дахь бүлэг нь задарч, зөвлөлийн статустайгаар үйл ажиллагаа явуулахаар болж байгаа юм. 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулж оролцсон намууд сонгуулийн дараа эвслээсээ гарснаар АН УИХ-д бүлэггүй болж, улмаар зөвлөл байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн Л.Гансүхийг томилж байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.