Барилгуудыг ногоон байгууламжтай хүлээн авахаар болов

2019-01-29 Нийслэл


Барилга байгууламжуудыг ногоон байгууламжтай нь хүлээн авахаар боллоо. НИТХ дахь АН-ын бүлэг уг саналыг өчигдөр НИТХ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна.

Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцэж, өчигдөр баталсан юм. Уг мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт, ногоон байгууламу бүхий талбай бий болгох замаар ногоон хот болгох зорилготой. Гэвч орон сууцны хорооллуудын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламжуудын талаар хөндөөгүй байсан байна.

Иймд АН-ын бүлэг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн”-д Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн асуудал хариуцсан албан тушаалтныг оруулах талаар тогтоолын төсөл боловсруулж шийдвэрлүүлэх санал оруулсан байна. Төслийг өчигдөр НИТХ-аар дэмжиж, Нийслэлийн Засаг даргад тогтоолоор үүрэг өглөө.

Ингэснээр орон сууцны төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламжуудыг хийж гүйцэтгэсний дараа улсын комисс барилгыг хүлээн авч ашиглалтад оруулдаг болох юм. Өмнө нь улсын комисс орон сууцыг хүлээн авахдаа зөвхөн баригдсан сууриар хүлээн авч байсан байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.