ЖДҮХС-гийн зээл олголтыг судлах Түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

2019-01-17 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн зээл олголттой холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолыг дэмжсэнгүй.

Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгах, хуул зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төслийг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа гишүүн санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлын үер Н.Номтойбаяр гишүүн Халдашгүй байдлын дэд хороо прокурорын байгууллагаас ирүүлсэн УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авахаас татгалзсан үндэслэлийг тодрууллаа.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, “Прокурорын байгууллага нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг Халдашгүй байдлын дэд хороо болон УИХ хүлээж авахаас татгалзсан. Учир нь прокурорын байгууллага гишүүдийг яллагдагчаар татаагүй байхдаа дээрх саналыг ирүүлсэн юм” хэмээн тайлбарлав.

Мөн Н.Амарзаяа, М.Билэгт гишүүн тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Түр хороо шалгалт хийсний дараа зөвхөн ЖДҮХС бус Засгийн газрын бусад тусгай сангийн зээлийг зорилтот бүлэгт нь олгох зөв шийдвэр, журам гарах боломж бүрдэнэ хэмээсэн юм.

Харин Б.Пүрэвдорж гишүүн Түр хороог сөрөг хүчний буюу АН-ын гишүүнээр ахлуулах нь зөв гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Ингэснээр тус хороо эрх ашгийн зөрчилгүй ажиллах боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа хэллээ.

Түүнчлэн Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд “60 тэрбумын хэрэг”, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах шаардлагатай байгааг УИХ-ын даргад уламжиллаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаав.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.